Даваа гаригаас ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАЖ, шинэ зохицуулалт хийнэ
Хатуу хөл хориог сунгах болсонтой холбогдуулан Улсын Онцгой Комисс (УОК) оос өчигдөр орой мэдээлэл хийсэн.
Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгалан "Монгол Улс дэлхийн жишгийн дагуу "Ногоон", "Шар", "Улбар шар", "Улаан" түвшинд шилжин ажиллаж байгаа. Энэ удаа бид "Улаан" түвшинд шилжсэн байгаа.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын хавсралтад "Улаан" түвшний үед хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага дурдагдсан. Гэтэл үүнийг дагаад машин болон явган хүний хөдөлгөөн их байгаа тул хөл хорио сунгасан хугацаанд дахин зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. Халдварын хумилт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна. Иймд дахин судалгаа хийж, "Улаан" түвшний үед хязгаарлагдаагүй байгууллагуудын үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр болсон.
Цаашид хөл хориог илүү хатуу болгож, тодорхой зохицуулалт хийнэ" гэж мэдэгдлээ. Шинэчилсэн журам, зохицуулалтыг энэ сарын 26-наас мөрдөх ба өнөө, маргаашийн нэгд танилцуулах юм байна.
Түүнчлэн, өчигдрийн хурлын үеэр дараах мэдээллийг өгсөн юм.
Шадар сайд С.Амарсайхан:
-Хөл хорионы гол зорилго халдварыг хумих, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Тавдугаар сарын 8 гэхэд нийслэл хотын нийт иргэдэд нэгдүгээр тунг хийх зорилготой байна. Цаашлаад зургаадугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Манай улсад коронавирусний халдварын шинэ төрөл буюу мутацид орсон хувилбар урьдчилсан байдлаар бүртгэгдсэн. Энэ нь Турк улсаас зөөвөрлөгдсөн ирсэн Английн мутаци гэж харж байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Хөл хориотой үед тархалтын эрчим буурах ёстой гэж үзсэн байна. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын тархалт эрчтэй нэмэгдэж, халдвар авсан хүмүүс хүндэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн иргэдэд шаардагдах хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна. Нас баралт огцом нэмэгдэж байна. Өмнө нь 65-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр залуу насны хүмүүс хүндэрч, богино хугацаанд эрчимт рүү шилжих байдал эрс нэмэгдсэн. Тиймээс хатуу хөл хориог сунгах санал оруулсан. Халдварын тархалт эрчтэй байхад вакцинжуулалтын үр дүн буурна. Тиймээс хөл хорио тогтоож байж вакцинжуулалт хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
-Хөл хорио тогтоосноор өдөрт бүртгэгдэх халдварын тоо 700-900 болж буурна гэх таамаглал байсан ч төсөөлөл биелсэнгүй. Хөл хорионы өмнөх үеэс хөл хорионы үеийн хөдөлгөөний эрчим буураагүй гэдэг нь тодорхой харагдаж байсан. Бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнө тав хоног тутам бүртгэгдэж буй тохиолдол 2 дахин нэмэгдэж байсан. Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 3000, 4000 бүртгэгдэх байсан тул энэ эрсдэлээс сэргийлж чадсан. Мутацид орсон хэлбэрийн хувьд Турк улсаас ирсэн гурван иргэний шинжилгээнд хариунд Англид бүртгэгдээд буй мутацид орсон халдвар илэрсэн. Мөн хүн амын дундаас хоёр хүнд илэрсэн. Нэг гэр бүлийн хүмүүс байсан. Мутацид орсон хэлбэр дотоодод байсан ч баримтлах эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм яг адилхан юм. Тиймээс дэглэмээ сайтар баримталж байж сэргийлэх боломжтой. Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн судалгаа байхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ