Ерөнхийлөгчийн илгээлттэй холбоотой нотлох баримтуудыг Дээд шүүхэд өглөө
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд шүүхэд хүрэлцэн очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн билээ. Харин Дээд шүүхээс коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан тул нийт шүүгч цуглах боломжгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нотлох баримт, холбогдох материалуудыг албан бичгээр хүлээлгэн өгөв. Тэрбээр "Коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан Дээд шүүхийн шүүгчид цуглах боломжгүй гэж мэдэгдсэн. Үүнийг хүндэтгэн үзэж Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй. Харин Ерөнхийлөгчийн захирамж болон иргэдэд гаргасан илгээлтийн талаарх бичиг баримтуудыг бичиг хэргээр хүргүүлж байна. Ерөнхийлөгчийн Улсын Дээд шүүхэд гаргасан захирамж бол шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үйл ажиллагаа биш. Захиргааны үйл явц гэдгийг тодотгох нь зүйтэй. Хөл хориог зогсоосны дараа Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлаж, шүүгчидтэй уулзалт хийнэ.
200 гаруй хуудастай бичиг баримтыг Дээд шүүхэд хүргүүлсэн" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ