Энэтхэгт нэг өдөрт 314 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ
Энэтхэг улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 314 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их халдварын тоо болсон байна. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсдаг Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоо нь ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд цар тахлаар өвчилсөн иргэдийн тоо огцом өсөж байгаа энэ үед эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн хомсдол үүсээд байгаа аж. Бараг 1.4 тэрбум хүн амтай тус улсад өнөөдөр (2021.04.22) 314,835 халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 15.9 сая давжээ. Энэ нь АНУ-ын дараагаар бичигдэх өндөр үзүүлэлт юм. Харин нас барсан иргэдийн тоо 2,104-өөр нэмэгдэж, нийт 184,657-д хүрсэн байна. Тус улс даяар түргэн тусламжийн машинууд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү давхин, өвчтөнөө хэвтүүлэх хоосон ор хайх болжээ. Эмнэлгийн орноос гадна эм тарианы нэн хомсдол үүсэж, эмнэлгийн хүчилтөрөгчийн дутагдал аюултай түвшинд хүрчээ.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ