Ц.Мөнх-Оргил: АН гадны лобби компанитай 50 мянган долларын гэрээ байгуулсан байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:-62 гишүүн анх Үндсэн хуулийн төслийг өргөн барихдаа Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гэж оруулж ирэхдээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж оруулж ирсэн. Гэтэл ердийн журмаар хэрэгжихээр болгож өөрчилсөн. Тиймээс Цэцийн дүгнэлт зөв гэж үзэж байгаа. Сонгууль будлиулах гээд байна гэж яриад байна. Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээг байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ Туваан гишүүн ээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц үргэлжлээд УИХ-ын чуулганаар ороод явж байна. УИХ өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан гэсэн хууль бус шийдвэрийг байнгын хороо чуулганаар хэлэлцүүлээд явж байгааг буруу гэж үзэж байна. Бага суудлын хуралдаан яасан бэ. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавхан хүний сонгогдох эрхийг хасах гэж баталсан юм уу. Цэц ямар хурдан дүгнэлтээ гаргаж байна аа. Ямар хурдан горимоор хэлэлцдэг болсон юм бэ. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч Монголд байгаа юм уу. Байхгүй заалтыг Цэц бид нар руу явуулаад Сонгуулийн хуульд оруулдаг болчихсон юм уу. Парламентын засаглалтай зарчим чинь яасан юм бэ.
АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч хүнд төлөөгүй. Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй. Манайх тийм баян нам биш.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ