Ц.Ганзориг: Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай

Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг

 "Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн. 

Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр "Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай.

Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчнийг улс төржүүлэлтдээ хутгах учиргүй.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд, Цэргийн албыг сайжруулах зорилгоор гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Мөн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана тэмдэглэх боломжтойг хэлэлцсэн. Түүнчлэн цэргийн анги албадын талаар ярилцсан. Үүнийг улс төржүүлэхгүй байхыг хүсье” гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ