С.Одонтуяа: УОК-ын бүрэлдэхүүнд ХЭҮК-ын төлөөллийг оруулах хэрэгтэй
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Дэлхий нийтээр аюул тарьж эхэлсэн коронавирусийн цар тахалтай Монгол Улс нүүр тулаад удаж байна. Энэ хугацаанд шинжлэх ухаанд тулгуурласан төрийн зөв бодлого явуулсан улс орнууд цар тахлыг аюулыг хязгаарлаж, энгийн амьдралын хэв маягт шилжих болсон энэ цаг үед Монгол Улс хүний амь нас үрэгдсэн хүнд үед орж буй нь харамсалтай. Дотооддоо өвчин алдаагүй нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангалттай хийх цаг хугацаа, хөрөнгө мөнгөтэй байсныг бид бүгд мэднэ. Гэтэл уушги орлуулах аппарат саяхныг хүртэл нэг ширхэгтэй, вакцины захиалга, гэрээжилт нь тодорхойгүй, эмнэлгүүдийн бэлэн байдал хүчин чадлыг хангалттай нэмэлгүй яг цар тахалтай нүүр тулах үед өдөр бүр иргэдээ энэ өвчинд алдаж эхэлж буй нь ойлгоход бэрх юм. Нэг иргэний амь ч цөөхөн монголчуудын хувьд юу юунаас илүү үнэтэй. Хэд хоногийн өмнө вакцинжуулалтаар тэргүүлж буй тоонууд ярьж байсан бол өнөөдөр өвчлөл болоод үхлээрээ тэргүүлэх болж байна. Төрийн гарыг харалгүй хувийн хэвшил вакцин оруулж ирэх, ажилтнуудаа вакцинжуулах боломжийг нээж өгсөнгүй. Цаашдаа ч вакцинжуулалт байнгын шинжтэй болж мэдэх тул зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлээ энэ ажилд оролцох боломжийг нээж өгөх нь эрүүл мэндэд ч эдийн засагт ч нэмэртэй шийдвэр болно. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Нойр хоолгүй зүтгэж буй эмч эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаа цэргийн ажилтнууд өвчилж, амь насаа алдах харамсалтай тохиолдол ч гарлаа. Хамгийн түрүүнд вакцинд орох ёстой эдгээр хүмүүст маань вакцин хийсэн үү. Дөрөвдүгээр сарын 9-нд Хятадаас вакцин ирнэ гэсэн нь яагаад саатав. Биднээс шалтгаалсан бол буруутай этгээдэд хариуцлага тооцох тухай ярих ёстой. Хорих ангиудад коронавирус тархсан тухай мэдээллүүд гарлаа. Урт богино янз бүрийн хугацаатай хоригдож байгаа тул амь нас нь үрэгдвэл хэн хариуцах вэ. УОК-ын бүрэлдэхүүнд Хүний эрхийн үндэсний комиссыг оруулахаа больсон байна. Хүний эрүүл мэнд, хүний амь нас, эрх чөлөөг хамгаалах энэ ажилд ХЭҮК-ыг оруулахгүй болсон нь том ухралт. Иймд яаралтай бүрэлдэхүүндээ нь оруулна уу. Өнөөг хүртэл хэрэгжүүлж буй менежмент алдаанд хүргэж буй тул бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах замаар УОК-ын ажлыг эрс сайжруулна уу" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ