Ю.Гагарин ердөө л “Поехали”гэж хэлснээр нислэг эхэлсэн юм...


       1961 оны 04-р сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09 цаг 07 минутад Байконурын сансрын буудлын 1-р талбайгаас хүн төрлөхтөн анх удаа дэлхийн агаар мандлаас тасарч, сансар огторгуйд өөрийн төлөөллөө хүргэсэн юм. Энэ гайхамшигтай хувь тавилан тухайн үеийн ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагаринд тохиосон бөгөөд тэрээр олон эрдэмтдийн хичээл зүтгэл, хэд хэдэн туршилтын эцэст бий болсон Восток-1 хөлгөөр хөөрч дэлхийгээ гаднаас нь харсан анхны хүн болсон билээ. Түүний нислэг 108 минут үргэлжилж дэлхийг тойрог замаар хамгийн ойрдоо 169 км-ийн зайтайгаар нэг удаа тойрсон.
        Энэ цаг үе бол хүйтэн дайн гэж нэрлэгддэг үе бөгөөд тухайн үед ЗХУ ба АНУ-ын хооронд сансрыг эзэмших, тэр тусмаа хамгийн түрүүлж сансарт хүн нисгэх өрсөлдөөн нууцаар өрнөж байсан үе юм. Энэхүү өрсөлдөөн нь ЗХУ-ын зүгээс 1957 онд анхны хиймэл дагуул Спутник-1-ийг хөөргөхийн өмнөөс л эхэлсэн гэж үздэг. АНУ-ын Меркури төсөлтэй өрсөлдөх Восток хөтөлбөрийг оросууд нууцаар хөгжүүлж байсан бөгөөд 1960 оны 05-р сараас 1961 оны 03-н сарын хооронд Восток хөлгийн хэд хэдэн туршиилт, тэр тусмаа хүн нисгэх капсулын туршилтууд хийсэн. Туршилт болгон амжилттай байгаагүй ч сүүлийн хоёр туршилт болох Корабль Спутник 4 болоод 5 нь бүрэн амжилттай болсон тул анхны хүн суулгасан нислэгийг хийх боломжтой гэж үзжээ.
Восток-1 хөлөг нь нэг хүнийг л тээвэрлэх зориулалттай байсан бөгөөд нэгдүгээр сонголт нь 27 настай Юрий Гагарин байсан бол нөөц нисгэгчээр Герман Степанович Титов, Григорий Григорьевич Нелюбов нар бэлтгэгдэж байсан юм. Гагариныг нислэг болохоос 4 хоногийн өмнө сонгосон бөгөөд тэрээр сүүлийн хэдэн сарын турш хамгийн их хичээл зүтгэлтэй нь байсан ажээ. Энэхүү сонголтыг хийсэн гол хүн нь сансрын нисгэгчдийн сургалтын удирдагч Николай Каманин байсан юм.
Дараа дараагийн Восток хөлгүүдээс эхний нислэг хэд хэдэн зүйлээрээ өөр байсан юм. Нэгдүгээрт энэ хөлөгийн дохиоллыг дамжуулах туслах хөлөг байсангүй. Тиймээс тэд газрын радио дохиоллын станцуудад л найдаж байсан бөгөөд энэ нь зөвхөн ЗХУ-ын нутаг дэвсгэрүүдэд л байсан юм. Мөн жингийн хязгаарлалтаас болоод аврах хөлөг багтаагаагүй бөгөөд нислэг бүтэлгүйтсэн тохиолдолд 10 хоног сансарт оршин тогтнох нөөц л багтаажээ. Хоёрдугаарт тус хөлөгт дэлхийд буух капсул шийдэгдээгүй байсан тул хөлөг буцаж дэлхийн агаар мандалд ороод нисгэгчээ 7,000 метрийн өндрөөс суудалтай нь шидэн шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа. Тимйээс ч түүнийг амьд мэнд эргэж ирэхгүй гэсэн таамаг олны дунд, тэр тусмаа өндөр албан тушаалтнуудын дунд элбэг байсан тул түүнийг сансарт байх хугацаанд цолыг нь ахмадаас хошууч болгон ахиулсан тухай мэдээ хэвлэл мэдээллээр цацагдаж байжээ.
Бас нэг сонирхолтой зүйл нь Гагариныг хөөргөх талбайруу шилжүүлэх үеэр л инженер Герман Лебедев дуулга дээр нь гараараа СССР гэсэн бичгийг бичиж байсан бөгөөд өөр улс орны нутагт буусан тохиолдолд тагнуулч биш сансрын нисгэгч гэж харахад нь тус болно гэж үзжээ.
        04-р сарын 11-нд хөлгийг хөндлөн байрлалтайгаар нислэгийн талбайд аваачин шалгаад нисэх байрлалд шилжүүлсэн. Ингээд Гагарин болон Титов нарыг энэ шөнө нислэгийн тухай бодолгүй сайхан амрахыг зөвлөж, биеийн ерөнхий үзүүлэлтийг хянаж байасн. Тэднийг сайхан амарсан гэдэг ч намтар судлаачид үнэндээ бол хэн нь ч унтаагүй гэсэн байдаг. Мөн сансрын хөлгийг зохиог ч С.П.Кололёв цурам хийлгүй хоносон байна.
12-ны өглөө Москвагийн цагаар 05:30 цагт нисгэгчдийг босгон, цайлсны дараа нислэгийн хувцасыг нь өмсгөөд 07 цаг 10 минутад Гагарин хөлөгт орж холбооны системээ асаажээ. Үргэлжлэх хоёр цагийн хугацаанд Гагаринг дэлгэцээр хянаж байсан бөгөөд тэрээр хөлгийг бүтээсэн Королёв болон Николай Каманин нартай ярилцаж байжээ. Сансрын хөлгийн тагийг хаахад дутуу хаагдсан тул инженерийн багийн гишүүн Олег Ивановский өөрийн биеэр туслан бүрэн хаажээ.
Гагарин хөөргөх цагийг хүлээнгээ зарим нэг хөгжим явуулж өгөхийг хүсч байсан бол өмнөх туршилтуудын 50% нь /24 туршилтаас 12 нь/ амжилтгүй болж байсан тул Королёв маш их түгшиж байлаа. Королёвыг тайвшруулахын тулд эм өгч байсан бол Гагарин харин маш тайван байсан бөгөөд түүний зүрхний цохилт нислэг эхэлхээс 30 минутын өмнө ч минутад 64 байжээ.
Ингээд Москвагийн цагаар 09:07 цагт Королёв “Захын, дунд, гол хөдөлгүүрийг асаа... хөөргөөд өг. Танд сайн нисэхийг хүсэе! Бүх зүйл хэвийн байна” гэж радио холбоогоор хэлсэн бөгөөд Гагарин ердөө л “Поехали”гэж хэлснээр нислэг эхэлсэн юм. 09:17 гэхэд хөөргөх үед ашиглагдах бүх л түлшний савнууд капсулаас салж Восток-1 тойрог замд орсон бөгөөд Гагарин “Бүх зүйл сайн харагдаж байна, бүх зүйл сайн ажиллаж байна, бүх системүүд хэвийн, үргэлжлүүлэе” гэж хэлж байсан бөгөөд “Заря-1, Заря-1 би чамайг сайн сонсохгүй байна. Сэтгэл санаа сайхан байна, Би нислэгээ үргэлжлүүлж...” гэснээр Восток Байканурын газрын станцын радио хүрэээнээс гарчээ.
Түүний тойрог зам Оросын нутаг дээгүүр үргэлжлэн, Камчаткын хойг дээгүүр өнгөрсөн бөгөөд Номхон далайн хойд хэсгээс урагш чиглэн Өмнөд Америкийн урд үзүүрээр тойрон Африк тивийн дээгүүр өнгөрснөөр буцаж Европын нутагт ирж газардахаар төлөвлөгдсөн бөгөөд Гагарин байнга холбоо тогтоож нислэг хэвийн, маршрутын дагуу үргэлжилж байгаа тухай мэдээлэл дамжуулж байсан боловч зарим мэдээллийг нь газрын станцууд хүлээж аваагүй юм.
10 цаг 25 минутаас эхлэн түүнийг газардуулах ажил эхэлсэн бөгөөд энэ нь хөлөг Африк тив дээгүүр явж байх үе юм. Хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтэв. Гэвч Египетийн орчимд явж байх үед буюу 10:35 цагийн орчимд хөлгийн хоёр хөдөлгүүр ахин ажиллаж дэлхийн агаар мандалруу хүчтэй орж ирэв. Ингээд 10:55 цагийн орчимд Восток газраас 7,000 метрийн өндөрт ирсэн үед Гагариныг шидлээ. Газрын гадаргаас 2,5 км-ийн зайд үндсэн шүхэр задарсан бөгөөд Саратов мужид Энгельс хотоос 26 км-ийн зайд 11:05 минутд Гагарин эсэн мэнд газардаж чадсан юм. Түүний энэхүү буултыг сургуульдаа явж байсан хоёр охин харсан бөгөөд “2-3 метрийн хэмжээтэй том бөмбөг газарт унасныхаа дараа ойгоод ахин газардсан. Тэнд нь маш том хонхорхой үүссэн” гэж хэлжээ. Газардсаны дараа асар том бөмбөг болон шүхэр дороос цагаан дуулга, улбар шар өнгийн хувцастай нэгэн гарч ирэхийг харсан нутгийн фермер охины хамт айн ухрахыг харсан Гагарин “Бүү ай. Би тантай адил Зөвлөлтийн хүн, Би Москваруу утсаар ярих ёстой” гэж хэлсэн байдаг.
Ийнхүү Юрий Гагарины сансарт өнгөрүүлсэн 108 минут дэлхий ертөнцийн хөгжилд эргэлт болсноос гадна түүнийг дэлхийн хамгийн алдартай хүн болгож, амьдралыг нь өөрчилсөн билээ.
Тэрээр дэлхийн баатар болохоос гадна ЗХУ-ын суртал ухуулгын нэг том бэлгэдэл болсон бөгөөд түүнийг албан ёсоор угтах Улаан талбайд болсон үйл ажиллагаанд Ю.Цэдэнбал дарга оролцож байсан нь гэрэл зурагт мөнхрөн үлдсэн байдаг.

Буусных нь дараа
May be an image of 1 person and standing

Их Британы хатан хааны хамт
May be an image of 4 people and people standing

Агуу зохион буүтээгч Королёвын хамт
May be an image of 2 people

СЭТГЭГДЭЛ БИЧИХ