ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас оруулж ирсэн 20 сая ам.долларын асуудлаар ТЕГ-т хэрэг үүсгэсэн гэв
УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүд Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар өнөөдөр /2021.04.09/ ҮАБЗ мөнгө оруулж ирсэн асуудал болон өмгөөлөгч Н.Баасанцогттой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Шүүхийн хуулийн шинэчлэл гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр хэн нэгнээс хараат байдлаар ажилладаг гэх мэдээллүүдэд үндэслэж, шударга бусын хонгил байна гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Энх-Амгалан нар шүүмжлэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагчид хилээр гарч, буцаад ирэхдээ 20 сая ам.доллар оруулж ирсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэгвэл уг асуудалтай холбоотой ТЕГ-т хэрэг үүсгээд, шалгаж эхэлсэн аж. Мөн өмгөөлөгч Б.Баасанцогтын зүгээс шүүгч нарт их хэмжээний мөнгө тараасан гэх асуудлаар АТГ-т хэрэг үүсгэсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүд хэлж байна.
Харин ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “Өнөөдрийн зарим хэвлэл, сошиал оршинд ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая ам.доллар оруулж ирсэн мэтээр гүтгэлэг тараалаа. Хариуцлагатай хэлэхэд энэ бол хуурамч мэдээлэл. Улстөрийн зорилготой байх гэж таамаглаж байна. ҮАБЗ-ийн албан хаагчид бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албан хаагчийн тангараг өргөхөөс гадна, цэргийн тангараг өргөдөг. Тангараг өргөсөн албан хаагчид үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллах үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Манай албан хаагч томилолтоор ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учир машинаар явсан. ҮАБЗ-ийн ажил бол далд хэлбэрээр явагддаг. Албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын хил хүртэл машинаар яваад, буцаж ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК, болон бусад байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан. Энэ машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй. Байх ч боломжгүй. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, хуучин Ерөнхий сайд нарын дунд үүссэн улстөрийн зөрчилдөөнт үед ҮАБЗ хууль бус үйл ажиллагаа хийхгүй. Хийдэг ч үгүй. Өнөөдөр Хил хамгаалах газар, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд байгаа. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм тэнэг тэнэг үйл ажиллагаа хийхгүй. Энийг эрх мэдэл бүхий хүмүүс, эсвэл улстөрийн хүчин хийдэг. Улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага бол ҮАБЗ-ийн ажлын алба юм. Энэ байгууллагын үйл ажиллагааг битгий улстөржүүл. Улстөрийн зорилгоор битгий ашигла гэж улстөрчдөд хандаж хэлмээр байна” гэдэг тайлбар өгч байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ