Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлж, Булган сүүл мушгижээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн 2020 оны өрсөлдөх чадварын тайланг гаргалаа. 2020 оны Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 7-р сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгдээс 2020 оны 9-р сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан гаргажээ.

 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ

Тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг өмнөх оны адил тэргүүлсэн хэвээр байна. Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь аймгууд 2, 3, 4 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

 

Өрсөлдөх чадварын өөрчлөлт

 

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 5 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг бүлгийн оноо өссөн байна. Монгол Улсын 21 аймгийн 7 аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулж, 13 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан байна.

Оноо сайжирсан аймгууд:

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Говьсүмбэр
  • Өвөрхангай
  • Сэлэнгэ
  • Увс
  • Ховд

Оноо буурсан аймгууд:

  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Дархан-Уул
  • Дорноговь
  • Дорнод
  • Дундговь
  • Завхан
  • Өмнөговь
  • Сүхбаатар
  • Төв
  • Хөвсгөл
  • Хэнтий

Баруун бүсийн Ховд, Увс аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол тус бүсийн Говь-Алтай, Завхан аймгууд болон Төв аймгийн оноо хамгийн их буурав. Ховд, Увс аймгуудын өрсөлдөх чадвар сайжрахад бизнесийн үр ашиг, дэд бүтэц сайжирсан нь илүүтэйгээр нөлөөлөв. Завхан аймгийн дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд, Төв аймгийн засаглал, технологийн дэд бүтцийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн засаглал, эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ