Өнөөдөр Эфелийн цамхаг нээгдсэн өдөр


1889 оны 03-р сарын 31-ний өдөр зөвхөн Францын нийслэл Парисын чимэг төдийгүй дэлхийн барилга, архитектурын шилдэг бүтээлүүдийн нэг Эйфелийн цамхаг олон нийтэд үүдээ нээжээ.
Цамхагийн түүхийг сөхвөл Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд хамгийн гайхалтай бүтээлийн уралдаан зарлажээ. Уг нь барилгын инженер Морис Коечлин /Maurice Koechlin/ төслийн анхны санааг гаргасан бөгөөд тэрээр 1884 оны 05 сард гэртээ байхдаа анхны зургаа зуржээ. Ингээд найз Эмиль Нугьертэй /Émile Nouguier/ хамтран эхний санаагаа гаргаад ноён Эйфельд үзүүлэхэд тэрээр татгалзаагүй ч тийм ч сайн дэмжиж хүлээн авсангүй. Үүний дараа хоёр инженер зургаа Эйфелийн компаний архитектурын хэлтсийн дарга Стивен Саувестерд / Stephen Sauvestre/ үзүүлхэд тэрээр цамхагийн сууринд чимэглэлийн нуман хэсэг нэмж, эхний түвшинд шилэн асар болон бусад чимэглэлүүдийг нэмжээ. Энэхүү шинэ хувилбар нь Эйфелийн дэмжлэгийг авсан тул тэрээр хоёр инженер, нэг архитектороос загварын патентийн эрхийг худалдан авсан байна. Тэгэхдээ албан ёсны мэдээнд Архитектороор ноён Стивен Саувестер, угсралтын инженерээр Коечлин, Нугьер нар бичигддэг.
Ингээд 1884 оны намар болсон үзэсгэлэн дээр цамхагийн загварыг Эйфель өөрийн компаний нэрээр дэлгэн үзүүлсэн. 1885 онд загвараа 100 жилийн ойд зориулсан уралдаан зарласан комиссд танилцуулахдаа “орчин үеийн инженерийн урлаг болоод бидний амьдарч буй аж үйлдвэр, шинжлэх ухааны зууны бэлгэдэл болохоос гадна 100 жилийн өмнөх хувьсгалын гайхалтай дурсгал болон сүндэрлэнэ” хэмээжээ. 1886 оны 05-р сарын 12-нд уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгах комисс байгуулагдсан бөгөөд шалгалтын дүнгээр Эйфелийн санаанаас бусад нь хэрэгжих боломжгүй, эсвэл нарийвчилсан судалгаа, мэдээлэлгүй хэмээн хасагджээ.
Түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр барьсаар 1889 оны 03-р сарын 15-нд бүрэн дуусгав. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв. Тэр ч бүү хэл цамхагийг эсэргүүцэгч уран бүтээлчдийн нэгдэл ч /Artists against the Eiffel Tower/ бий болж байж. Тус нэгдлийн гишүүн, зохиолч Гай де Моппассант /Guy de Maupassant/ цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд “Парист уг цамхаг харагдахгүй цорын ганц газар” хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан ч радиотелеграфын антенд ашиглахын тулд бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Үүнээс хойш ахиж ийм яриа гараагүй нь түүний нэр хүнд өдрөөс, өдөрт өсөн нэмэгдэж байсныг тодорхой харуулдаг.
Одоогийн байдлаар 250 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй, хүний гараар бүтсэн, түүхэн дурсгалт газарт тооцогддог ажээ.
Эйфелийн цамхаг /Tour Eiffel/ буюу Төмөр Хатагтай /La Dame de Fer/ нь өнөөгийн Парисын хамгийн том бэлгэдэл бөгөөд түүнийг цамхагийг барьсан компаний захирал үндсэн эзэмшигч Александр Густав Эйфелийн /Alexandre Gustave Eiffel/ нэрээр нэрийджээ. Учир нь тус цамхагийг барих 6,5 сая франкийн төсвөөс засгийн газар ердөө 1,5 сая франкийг л гаргасан тул Эйфель 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн болоод түүнээс хойшхи 20 жилийн бүх ашгийг өөрөө авах гэрээтэйгээр цамхагийг удирдах компани байгуулж, тал хөрөнгийг өөрөөсөө гарган гйүцээсэн юм.
Цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд (Champs de Mars) телевизийн антены хамт 324 метрийн өндөртэйгээр сүндэрлэнэ. Үндсэн хийц нь 300 м өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байсаар байв.
Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат дамжин гардаг), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат өгсөнө) байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт хүргэдэг цахилгаан өргүүр байх тул та өөрөө л хүсэхгүй бол шатаар алхах шаардлага байхгүй (нийт 1652 шат бий) билээ.
Цамхаг нийт 10,100 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгаж байдаг бөгөөд 7 жилд нэг удаа зэврэлтээс хамгаалах засвар үйлчилгээнд нь 50-60 тонн будаг хэрэглэдэг гэжээ.
Эйфелийн цамхагийг зөвхөн үзмэр төдий байгууламж мэтээр ойлгож, хүлээн авч болохгүй. Энд олон ажлын байр, сонирхолтой туршилтууд байнга хийгдэж байдаг. Жишээлбэл цаг уурын хүрээлэн гурван давхарт нь байрлаж, оюутнууд энд судалгаа, шинжилгээний ажлаа явуулдаг.
Эйфелийн цамхаг нь зүгээр энгийн, дурсгалт барилга биш бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг /өдөрт дунджаар 25,000 хүн/, аль ч үед хийц, бүтээн байгуулалтаараа онцгой, ухаалаг шийдлээр бүтсэн, орчин цагийн инженерчлэлийн долоон гайхамшгийн нэг юм.
No photo description available.


May be an image of outdoors and monument

May be an image of monument and text that says 'PEO WITH SCAFFOLDING 20 MARCH 1888: COMPLE TION OF THE FIRST LEVEL 1888: START OF CONSTRUCTION OF SECOND SECOND SAGE 1AUGUST 1888: COMPLETIONO DECEMBER 1888: CONSTRUCTIONO 15 MARCH 1889: CONSTRUCTION THE'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ