Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоовол дөрөвдүгээр сард нэг сая иргэнээ вакцинжуулахыг зорино

     Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна. Хавдар судлалын үндэсний төвд энэ сарын 26-наас хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцжээ. 
     "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа ажээ. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа юм байна. Хавдар судлалын үндэсний төвд ажилласны дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллажээ.
    Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан байна УОК-оос бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал, эрсдэлийн улаан түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм. 
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. 
     Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэжээ.  Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан байна. 
   Тодруулбал, цар тахлын эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ