АН: 10 их наядын хөтөлбөрийг Зарлагын хяналтын дэд хороогоор хянуулна

 УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас хэрэгжүүлэх Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг УИХ-ын Зарлагын хяналтын дэд хороогоор хянуулахад санал нэгдсэн талаар Бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.


Бүлгийн хуралдаанаар, дээрх хөтөлбөрийн талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсож, гурван жилийн хугацаанд хэрэгжих 10 их наяд төгрөгийн өртөг бүхий тус хөтөлбөрийн өмнө Засгийн газраас урьд хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайлан, үр дүнг хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Учир нь бүлгийн гишүүд өмнөх хөтөлбөрийн үр дүн тодорхой бус, одоо хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт 80 мянган аж ахуйн нэгжийг дэмжих бодлогыг орхигдуулсан, 400-500 мянган хүний орлого багассан асуудалд анхаарал хандуулаагүй, 500 тэрбум төгрөгөөр залуусыг сургах гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд эргэн харах асуудал байна гэж үзжээ.


Тиймээс АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан УИХ-ын Зарлагын хяналтын дэд хорооноос зохих шатны байгууллагыг оролцуулж хянан шалгах шаардлагатай гэсэн байр суурьд нэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ