Хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан аймшигт тахлууд

Хүн төрөлхтний түүхэнд байгалийн хүчин зүйлсээс илүүтэй аймшигт халдварт өвчнөөс айж сэрэмжилсэн хар өдрүүд цөөнгүй байжээ. Харин эрүүл мэндийн шинжлэх ухаан хурдацтай хөгжсөний ачаар халдварт өвчнийг эмчлэх эм тариа зэргийг зохион бүтээсэн нь дэлхийн томоохон нээлтүүдийн нэг болон үлдэв. Тэгвэл дэлхий дахинд хэдэн сая хүнийг чичиргэж байсан аймшигт халдварт өвчнүүдийн тухай сонирхуулья.

Хумхаа

Халуун орны өвчин болох хумхаа нь Африк, Ази болон Америкийн эх газрын халуун дулаан бүсэд жил бүр 660 мянган хүний амийг авч оддог байна. Судлаачдын тооцоогоор энэхүү өвчин түүхэндээ 200 гаруй сая хүний аминд хүрчээ. Хумхааг урьдчилан сэргийлж, хүндрээгүй үед нь бүрэн эдгээж болох өвчин хэдий ч шумуулаар халдвар дамждаг тул өндөр эрсдэлтэй. Халдвар авсан хүний биеийн байдлаас шалтгаалан зарим шинж тэмдэг нь дорхноо хүндэрдэг байнаДЭМБ-аас хумхаа өвчин дэгдэх магадлалтай нийт 104 улс бий гэжээ. Уг өвчнөөс сэргийлэх хамгийн түгээмэл, хамгийн үр дүнтэй арга нь шумуулны тор, пестицид, вакцин, эм тариа юм.

Цэцэг өвчин

Нийт 300-500 сая орчим хүний аминд хүрсэн гэгддэг цэцэг өвчнийг вакцины тусламжтай давж гарсан байна. Цэцэг өвчний халдвар авсан хүний бие, нүүрэн дээр битүү улаан гүвдрүү туурч, эд эрхтэн нь нэг нэгээрээ ажиллагаагүй болдог аж. Эрдэмтдийн тооцоогоор цэцэг өвчний халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь амиа алддаг байжээ.

Антониний тахал

Манай эриний 165 оны үед Месопотамаас нутаг буцсан Ромын эзэнт гүрний цэргүүд аймшигт тахал эх орондоо авчирч, Ромын иргэдийн нэлээд хувийг буюу таван сая гаруй хүнийг үхэлд хүргэжээ. Халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь амиа алдсан нь Ромын түүхэн дэх хамгийн аймшигтай цар тахал хэмээн тэмдэглэгдсэн байна. Антониний тахлаас болж Ромын эзэнт гүрэн цэрэг армийн хувьд ихэд доройтсон нь бусад хүчин зүйлтэй нэгдэж  300 гаруй жилийн  ноёрхол нь мөхсөн байна.

SARS

Амьсгалын замын цочмог хам шинж буюу “SARS” нь 2002 онд дэгдэж, Африкаас бусад бүх тивд илэрчээ. Нийт 774 хүний аминд хүрсэн халдварт өвчин юм. Хятадад жижиг хөхтөн амьтдаас анх хүнд халдварласан гэж үздэг ба SARS-ийн вирус хэдхэн долоо хоногийн дотор 8000 гаруй хүнд халдварлажээ. Нэгэн төрлийн коронавирус болох SARS-ийн вирус анхандаа ердийн ханиад шиг шинж тэмдэгтэй байдаг гэнэ. Мөн 2003-2004 оны дэгдэлтээс хойш ахин газар аваагүй ч ДЭМБ энэ өвчнийг дэлхий дахины эрүүл ахуйд маш том аюул заналхийлэгч гэж үзсэн хэвээр байгаа юм.

Гурав дахь тахал

Булчирхайн гурав дахь тахал гэгдсэн энэ өвчний дэгдэлт анх 1855 онд Хятадад гарсан байна. Зөвхөн Энэтхэг, Хятадад нийт 12 сая хүний амийг авч одсон уг тахлаар 1894 оны гуравдугаар сард Хятадын Гуанжоу хотод хэдхэн долоо хоногийн дотор 60 мянга гаруй хүн амиа алджээ. Худалдаа арилжаа, хөлөг онгоцны хөдөлгөөнөөс болж дэлхийн олон хэсэгт тархаж, Хавайн арлуудад хүртэл хүрч, хэдэн зуун хүнийг хөнөөсөн байна.

Булчин задрах тахал

Холер буюу булчин задрах тахал нь хоол хүнс, ундны усаар дамжин эм, эмчилгээгүй бол хэдхэн цагийн дотор хүнийг үхэлд хүргэдэг өвчин. Жилд 3-5 сая хүнд халдварлаж, 100-200 мянган хүний аминд хүрдэг энэ өвчин өдөрт хүний биеэс 10 гаруй литр шингэн алдагдуулдаг байна.

Афиний тахал

МЭӨ 430 оны үед Афин хот мөхөл сүйрлийн ирмэгт тулсан нь хотын хүн амын дөрөвний нэгийнх нь амийг авч одсон цар тахлын хор уршиг байв. Ойролцоогоор 75-аас 100 мянган хүн уг тахлаар өөд болсон гэх бөгөөд халдвар өнөөгийн Этиопийн нутгаас эхэлж, Пелопоннесийн дайны сүүлийн жилүүдэд Газар дундын тэнгис орчмын бүх улс, хотуудаар тархсан байна. Энэхүү тахлаар өвчилсөн хүмүүсийн 33 хувь нь амиа алдсан гэх тооцоо бий. Харин Афинаар “нэрлэгдэн” үлдсэн нь тахал дэгдэх үед хот аймшигтай бүгчим, чийгтэй байснаас гадна хотын ундны ус бохир, ус зайлуулах хоолой байгаагүй зэрэг шалтгаанаар зөвхөн Афинд л байдал хүндэрсэнтэй холбоотой юм.

Томуу

Ханиад, томуу, амьсгалын замын томуу төст өвчнүүд сүүлийн 300 жилийн хугацаанд H1 хүрээний испани ханиад, H1N1 хүрээний гахайн ханиад, H5N1 хүрээний шувууны ханиад зэрэг олон хэлбэрээр хэдэн арван сая хүний аминд хүрчээ. 1918 онд Испани ханиад гэхэд л 50 сая хүний үхлийн шалтгаан болжээ. Дэлхий дахиныг ниргэсэн хамгийн сүүлийн аюулт томуугийн дэгдэлт 2009 онд Азийн олон орныг хамарсан H5N1 хүрээний шувууны ханиад байв.

Юстинианы тахал

Түүхчдийн тэмдэглэн үлдээснээр энэхүү тахлын ид дэгдэлтийн үеэр зөвхөн Константинополь хотод өдөрт 10 мянга орчим хүн нас барж байжээ. Манай эриний 541 оны үед бүх Европын нийт хүн амын бараг тэн хагасыг буюу 25 сая хүнийг, өөрөөр бол тухайн үеийн дэлхийн хүн амын 15-25 хувийг үхэлд хүргэсэн Юстинианы тахлын уршгаар ажиллах хүч, цэрэг эрсгүй болсон Византын эзэнт гүрэн бууран доройтсон аж. Византын нийслэл байсан Константинополь хотод анх харханд идэгдсэн үр тариа ачсан хөлөг онгоц ирснээс уг аймшигт тахал дэгдсэн гэх таамаг байдаг.

Хар үхэл

Халдвар авсан хүний бие хэдхэн хоногийн дотор хав хар өнгөтэй болж, амьдаараа өмхийрөн ялзарч үхдэг байснаас “Хар үхэл” хэмээн нэрлэжээ. Энэхүү аймшигт тахал XIV зууны үед Европын нийт хүн амын 30-60 хувийнх нь аминд хүрсэн байна. Азиас эхтэй, харх мэрэгч, бөөс хуурсаар дамжин Торгоны зам дагасаар 1331 онд анх Европт хүрсэн энэхүү тахал ойролцоогоор 375 сая хүний амийг авч оджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ