​АН-ын даргад нэр дэвшигчид ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын холбооны гишүүдтэй цахим уулзалт хийв

АН даргад нэр дэвшигчдийн цахим уулзалт амжилттай үргэлжилж байна. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өнөөдөр Ардчилсан ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, оюутны холбооны гишүүдтэй цахим уулзалт хийлээ.

АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Энэ удаагийн Ардчилсан намын даргын сонгууль бол зөвхөн дөрвөн хүний хувь хүний өрсөлдөөн биш юм. Энэ удаагийн өрсөлдөөн бол нийгэмд шүдний өвчин мэт янгинаж байгаа ардчиллыг яаж аврах, Ардчилсан намыг шинэ төвшинд хэрхэн авчрах, ард иргэдийн ардчилалд итгэх итгэлийг дахин яаж босгох вэ гэсэн залуу, дунд, ахмад үеийн хамтын тэмцэл гэж харж байна.

Энэ танхимд хүрэлцэн ирсэн ахмадын төлөөллөө хараад нэг л зүйл бодогдож байна. Та бүхний 30 жилийн өмнө өвлийн тэсгэм хүйтэнд бий болгосон, тэр том нийгмийг сөрж өөрчлөн байгуулахын төлөө тэмцэж явсан залуу насны өсөлт тэмүүлэл өнөөдөр хэр зэрэг биелсэн бэ. Энэ гучин жилийн түүхэнд уйлж үзээгүй Ардчилсан намын ахмад гишүүн байхгүй гэж бодож байна. Хацар дээгүүр нь урссан нулимс болгон намын хагарал, эв нэгдэлгүй байдал, хувь хүн хоорондын зөрчлөөс болдог. Ардчилсан намын төлөө сэтгэл зовоогүй ахмадууд гэж байхгүй.

Залуу үеийнхэн маань ахмадуудынхаа 30 жилийн өмнө бүтээсэн ардчиллын хоёрдугаар давлагааг хэрхэн хийж үндэсний хэмжээний хүчирхэг, улс төрийн нам шиг нам, сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж ялагч институц болох ёстой гэсэн асуулт бий гэж харж байна.

АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин: Өнөөдөр бид цагаан морин жилийн хувьсгалаас хойш 31 дэх жилдээ ирж байна. 1990 оны үзэл санааны хувьсгал нь бүх нийтийн хүсэл мөрөөдөл байсан. Өнөөдөр энэ ардчилсан үзэл санаа хаана нь явж байна гэдгийг та бүхэн бидний байр байдлаас маш тодорхой харж байгаа байх.

Өнөөдөр биднийг яагаад сонгохгүй байна, алдаа хаана байна вэ гэж маш олон хүн алдааг эрх баригчдаас хайж байна. Үгүй ээ, алдаа бол ерөөсөө бидэнд бий. Үзэл санааны хувьсгал хийчхээд бид үүнийг мартчихжээ. Дарга нар нь сонгогдож яваад жирийн гишүүдээ, анх ярьж байсан зүйлсээ салан баавгайн үлгэр шиг мартаж.  Бидний хамгийн том ялагдлын шалтгаан нь шулуухан хэлэхэд хагарал бутрал юм. Гишүүдээ сонсдоггүй, мартдагтай холбоотой. Гишүүдээ хамгаалж чадахгүй байгаа нам яаж ард иргэдийн сайн сайхны төлөө амлалтаа дэвшүүлж чадах вэ дээ.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Пүрэвдаваа: Өнөөдөр ардчилсан нэртэй л болохоос Ардчилсан нам ардчилсан нам биш  болчихсон. Сонгууль дөхөөд ирэхээр ялагддаг, унаж өгөх хүмүүсийг дэвшүүлсэн тохиолдол манай Баянзүрх дээр зөндөө байна. Би энэ намын жаргал зовлонг гаднаас нь биш дотроос нь хуваалцсан хүн. Миний ээж анхны 1990 оны намын гишүүн.

Өнөөдөр хамгийн их намын зовлонг би өөрөө залуу хүний хувьд үзсэн учир гаднаас шүүмжилж суухгүйгээр нэр дэвшин өрсөлдье гэж шийдэж энд орж ирсэн юм. Залуучууд шинэчлэлийг авчрахын төлөө зоригтой хөдлөх хэрэгтэй. Бид буруу зүйлээр хүмүүжүүлчихээд дараа нь үр өгөөж нэхэж чадахгүй. Шударга үнэн зүйлээр хүмүүжүүлж байж гаргах ёстой.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл: Энэ удаагийн сонгуульд нэр дэвшихдээ мэдээж олон зүйлийг ярьж болно. Гэхдээ нэгтгээд томоор яривал шинэчилье, Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй үүнийг цуг хийцгээе гэсэн уриа барин орж байна. Ардчилсан намын барьж буй хүний эрх, хувийн өмч, баялаг бүтээх, монголчууд өөрсдөө хөгжих, оюун ухаанаараа хөгжиж болдог гэх Ардчилсан намын үзэл баримтлал өнөөдөр Монголд Улсад ус агаар мэт хэрэгтэй байна. Ардчилал гэж ярьчхаад гарсан дарга нар өөрсдөдөө тааруулж ажлаа хийдэг, халааснаасаа нэр дэвшигчдийг гаргаж ирж тодруулдаг, үзэл баримтлал зөрүүтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэх зэрэг олон бусармаг үйлдлүүд хойно үлдэх ёстой. Бид улс төрийг аргалж хийдэг үеэ одоо өнгөрөөх ёстой. Намын даргын эрх мэдлийг хумих ёстой. Ингэж байж Ардчилсан нам илүү засаглалтай, бодлого илүү хүртээмжтэй болох болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ