УИХ дахь Ардчилсан намын бүлэг: Тэтгэвэр нэмэх нь Засгийн газрын үүрэг
Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж өргөн барина гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Хуулийн төслийг өргөн барих шат дарааллын дагуу Засгийн газраас санал авахаар илгээсний дагуу Засгийн газрын санал саяхан ирээд байна.
Тиймээс тус хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа юм. Шилэн дансны тухай хуулийг анх Ардчилсан нам санаачилж УИХ-аар 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад дараах зөрчил илэрч байна.
Үүнд:
- Шилэн данс хөтлөхгүй байх
- Буруу, худлаа хөтлөх
- Шилэн дансанд мэдээлсэнээ засах
- Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Иймд одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг нэг сая төгрөгөөс дээш гүйлгээг цахим хуудсанд оруулдаг болох, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгасан юм. Түүнчлэн Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгон нэмэгдүүлэх хуулийн төсөлд Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүллээ. Засгийн газрын тайлбарласнаар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үүсгэнэ гэжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болсон ч амьжиргаанд бүрэн хүрэлцэхээргүй мөнгө. Гэвч ядаж төгрөгийн ханшийн сулрал, инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлж байх нь Засгийн газрын үүрэг гэсэн байр суурьтай байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхдээ Нийгмийн даатгалын сангаас эх үүсвэрийг гаргах, сангийн үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг санд төвлөрүүлж үр ашигтай захиран зарцуулах замаар өсгөх шаардлагатай. Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн тул тэтгэврийг нь нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзлээ.
Мөн бүлгийн хуралд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцож Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлах “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Эцэст нь, Ардчилсан намын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Бүлгийн гишүүд, Ардчилсан намын амаргүй цаг үед улс төрийн шийдвэр, зориг гарган намын даргад өрсөлдөж байгааг дурдаж амжилт хүсэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд саначилга гарган намын үл ойлголцлыг нэг тийш болгохоор шат дараалсан уулзалтууд хийсэн. Талууд тус тусдаа сонгууль хийж байгаад гишүүдийн хувьд харамсаж буйгаа илэрхийлж, санал хураалтын хугацаанаас өмнө нэгдэж, санал хураалтаа хамтдаа зохион байгуулах асуудалд найдаж байгаагаа илэрхийлэв.
Бүлгийн гишүүдийн зүгээс намын даргын сонгууль нь нэг талаас намын үйл ажиллагааг сэргээх, намын үзэл баримтлалыг нэр дэвшигчдэр дамжуулан олон нийтэд сурталчлах эерэг талтай, нөгөө талаар бүх нэр дэвшигчид эв нэгдэлтэй байж, дотоод сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, цаашил хамтран ажиллах нь чухал болохыг нэр дэвшигчдэд захилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ