Б.Баатархүү: Б.Баасанцогт нарын бичлэг цацагдсан асуудлыг шалгаж байна
Лифтний бичлэгээр олонд танигдаад байгаа өмгөөлөгч Б.Баасанцогтын шинэхэн бичлэг өнгөрсөн амралтын өдрөөр цацагдсан. Турхүү бичлэгт өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр болон бас нэгэн иргэн хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд оролцож, бичиг баримтаа шалгуулж буй үйл явц гарна. Замын цагдаагийн энгэрийн камераар бичигдсэн тэрхүү бичлэгийг хэн, ямар зорилгоор олон нийтийн сүлжээнд цацаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Ингээд дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.
Тэрбээр "Авто зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар бүгд энгэрийн камер ашигладаг. Цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил дээр дуудлагаар очсон ч энгэрийн камер ажиллуулж бичлэг хийдэг. Харин Б.Баасанцогттой холбоотой замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан эсэх асуудлыг тодруулахаар дотоодын хянан шалгах хэлтэс ажиллаж байна" гэлээ.
Сануулахад, Б.Баасанцогт нарын орцны бичлэг цацагдаад удаагүй "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө "би Ерөнхийлөгчийн тамгын газар ажилладаггүй, өмгөөлөгч хийдэг. Х.Идэр болон бусад шүүгчтэй гэр бүлийн найзууд юм. Бид найзуудаараа уулзаж байхад танил бүсгүй ирсэн. Араас нь хоёр бүсгүй түлхүүр авчирж өгсөн. Гэтэл энэ уулзалтыг биеэ үнэлэлт болгон харуулах гэлээ" хэмээн тайлбарласан байдаг. Уг ярилцлага нийтлэгдэхээс өмнөх орой нь лифтний бичлэг задарч Б.Баасанцогт нэг бүсгүйтэй нэлээд дотно харилцаатай байгаа нь харагддаг. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газар ажилладаг гэх ажлын үнэмлэх нь ил болсон билээ. Ингээд Б.Баасанцогтын ярьсан бүхэн эсрэгээр эргэсэн тул тэрбээр амиа хорлоно гэх утгатай зурвас найзруугаа явуулаад сураггүй алга болсон ч тун удалгүй лагерын байшингаас нь согтуу олсон талаар хэвлэлүүд мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ