УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-ын даргад өрсөлдөхөөр материалаа өглөө

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Дотоод сонгуулийн хорооны дарга Н.Алтанхуягт материалаа хүлээлгэн өглөө.

Энэ үеэр тэрбээр "Би 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан намд элсч байсан. Тэр үед хурц, хурц үйл явдлууд болж, оролцдог байсан. Би Хан-Уул дүүргийн Ардчилсан намд бүртгүүлсэн. Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр дүрмэнд заасны дагуу бүх л материалаа бүрдүүлээд Дотоод сонгуулийн хорооны даргад өглөө. Нэр дэвшихэд саадгүй байх. Намайг дэмждэг ардчиллынхан, журмын нөхөд найз нартаа Л.Гүндалай нь эргэж ирсэн шүү гэдгээ хэлье. Монголын ард түмэн, Монгол Улсынхаа сайн сайхны төлөө журмын нөхдийн хамтаар нэгдэн орж байгаадаа маш их баяртай байна.

Аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг тодруулах сонгууль өнгөрсөн Лхагва гаригт цахимаар болоход гишүүний хувиар саналаа өгч, оролцсон. Код ирсэн, тэр код дагуу саналаа өгсөн. Цахимаар сонгууль өгнө гэдэг цаг хугацаа хэмнэсэн, булхай луйвар оруулахгүй байх шударга сонгууль юм билээ. Ийм боломжийг бүрдүүлсэн намынхандаа баярлалаа.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Н.АЛТАНХУЯГ:

-Ардчилсан намын даргад нэр дэвшигчид маань хүрэлцэн ирж, материалаа өгсөөр байна. Бид бүхэн энэ материалыг хүлээж аваад Дүрмийн хороондоо өгнө. Дүрмийн хороо материалыг судалж үзээд зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан нөхцөлд Ардчилсан намын даргад нэр дэвших эрх нь нээгдэнэ.

АН-ын даргад өрсөлдөхөөр Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар бүртгүүллээ

Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр өнөөдөр /2021.03.19/ Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар Дотоод сонгуулийн хороондоо албан ёсоор бүртгүүлжээ. Мөн сунгаанд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өрсөлдөх шийдвэр гаргасан тул 15.00 цагт бүртгүүлэх юм байна.  Тус сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч 35 сая төгрөг тушаах аж.

Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй Ц.ОЮУНГЭРЭЛ:

-Ардчилсан намын даргын сунгаанд би өнгөрсөн жилийн зунаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гурав дахь удаагаа бүртгүүлж байна. Анх өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд бүртгүүлсэн байдаг. Гэвч товлогдсон байсан сонгуулийг гэнэт зогсоосон. Энэ оны гуравдугаар сарын 4-нд И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд, сонгуульд өрсөлдөх мөнгөө тушаах болтол хүчингүй болсон данс өгсөн байсан. Маш олон хүн намайг Ардчилсан намын даргад өрсөлдөхийг дэмжиж, хандив өгсөн тул 93 сая төгрөгийг хүчингүй болсон дансанд хийхээс эмээсэн. Тиймээс Н.Алтанхуяг даргад би хандсан. Хариу нь өчигдөр ирсэн, Ардчилсан намын албан ёсны бүртгэлтэй гэснийг тодорхойлсон маш тодорхой хариу өгсөн. Мөн өмнө Ардчилсан намын даргад бүртгүүлсэн хүн дахин бүртгүүлэх боломжтой гэсэн.

Анх удаа Ардчилсан намын даргад эмэгтэй хүн өрсөлдөж байна. Анхнаасаа үйл явдал их бартаатай замаар явж байна. Маш олон хүний дэмжлэг ирсэн. 93 сая төгрөг төлөх том асуудал тулгарахад 828 хүн хандив өргөсөн.

Харин одоо энэ сонгуульд өрсөлдөхөд 35 сая төгрөг төлөх болж байгаа. Тийм учраас хандиваас цугласан мөнийг буцаана. Хамгийн бага хандив өргөсөн хүмүүс рүү эхэлж буцаалт хийнэ. Яагаад гэвэл тэр хүмүүс маань сүүлчийн мөнгөө шавхаж намайг дэмжсэн учраас маш их баярлалаа Ц.Оюунгэрэл гэсэн тайлбартай буцаалт хийнэ.

Хаан банкин дээр очиж би өнөөдөр асуусан, утасны гүйлгээгээр өдөрт 20 сая төгрөгийн гүйлгээ хийх боломжтой юм билээ.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч М.ТУЛГАТ:

-Ардчилсан намынхаа бодлого үйл ажиллагааг авч явах удирдлагад нэрээ дэвшүүлэн, материалаа өглөө. Миний хувьд ардчилалд бүүвэйлэгдэж өссөн. Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтал дор явах юм уу гэдэг асуудал яригдаж байгаа түүхэн цаг үед намын даргын сунгаанд нэрээ дэвшүүллээ. Бидний үе ирсэн юм байна гэдэг итгэл төрж байна гэсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Ардчилсан намын даргын сонгуулийг гуравдугаар сарын 28-нд хийх болсон тул нэр дэвшигчдийн бүртгэлийг урагшлуулж байна гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдөр 10:00-22:00 цагт багтаан хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ