С.Амарсайхан: БЗД-ийн 26-р хорооныхноос шинжилгээ авч дуусаад маргаашаас вакцинжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийх товтой. Дархлаажуулалтын явцын талаар мэдээллийг Ерөнхий сайдын оронд Шадар сайд С.Амарсайхан хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан "Дэлхий нийтэд 265 вакциныг албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд 13 вакцин хэрэглээнд нэвтэрч, 9 вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Манай улс нийт 2,083,000 хүнийг дархлаажуулахаар болж хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхэлж, гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 155,746 хүн эхний тун вакцинаа хийлгээд байна" гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн 11 сард төсөв хэлэлцэж байхад 100 тэрбум төгрөг вакцинд тавьчихаач гэсэн боловч зээл авч байгаад хийнэ гэсэн. Авсан зээл нь хаана яваа юм, зээлийн процесс удаан шүү дээ. Одоо тусламжаар вакцин гуйсан л улс болчихлоо. Тусламжаар ирсэн вакцинаараа пр хийх гэсэн л ажил болж байна даа. Та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэлгүй болоод байна. PCR шинжилгээ чинь вакцинаасаа үнэтэй. Баахан хэрэггүй юм авчихаад хэрэглэж дуусах гээд үзээд байх шиг байна. 5.1 их наяд төгрөгийн тайланг тавь гэсэн одоо хүртэл тавиагүй. Ийм их мөнгийг алга болгочихоод одоо дахиад 10 их наяд төгрөг яриад байж байна. Тэр 10 их наядаасаа вакцинд зарцуул л даа. Мөнгө тавиад хурдан вакцинжуулаач ээ. Хоригоос чинь болоод хүмүүсийн цалин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлөөд байна.
Шадар сайд С.Амарсайхан: Вакцин мөнгөндөө биш. Дэлхий нийтэд вакцины нийлүүлэлт хангалттай биш байна. Бид төлөвлөгөөний дагуу вакцинаа татан авч, харин ч эрт эхлүүллээ. Вакцин худалдан авах 317 тэрбум төгрөг Сангийн яаманд шийдэгдсэн. Бид эхний ээлжийн вакцинаа хүлээсэн бол 3-р сарын 12-нд л дархлаажуулалт эхлэх байсан. Харин тусламжийн вакцин авсан тулдаа дархлаажуулалтыг эхэлсэн. PCR шинжилгээ, нэг хаалга нэг хүн шинжилгээг үр дүнтэй болсон гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Халдварыг яагаад тавиад туучихав аа. Гаргах ёстой мөнгөө гаргаад вакцинжуулалтаа хурдан хийх хэрэгтэй. Халдварыг цаашид хэрхэн хумих вэ. Хаана алдаа гараад байна вэ. Ажлын уялдаа болохгүй байна уу. Бодлого гаргахдаа алдаа гаргаад байна уу.
Шадар сайд С.Амарсайхан: Нөхцөл байдал амаргүй байна. Эрдслийг багасгахад хүн бүрийн оролцоо чухал. Халдвар хамгааллын дэглэмийг барьж, дор бүрнээ анхаарах хэрэгтэй байна. Өөрсдөө хичээж, сөрж амьдрах ёстой гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Бүх нийтээр нь хөл хорих амархан. Одоо эдийн засаг сэргэж байна. Эрсдэл үүсвэл хэсэгчлэн хөл хорио тогтоож явах болно. Иргэдийг чирэгдүүлэхгүй. Гэхдээ шат шатанд үйл ажиллагааны алдаа, нугалаа гарч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт яагаад гэнэт хөл хорио тогтоосон бэ. Иргэдийн хүнсийг шалгаж байна гэж байна. Ийм юм байж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Орон нутагт ажиллаж байгаа цагдаа, эрүүл мэндийн ажилтнууд, онцгой гээд салбарынхныг наана вакцинжуулж болохгүй юу. Тавдугаар сар хүртэл хүлээлгүй ногоон бүсээ дархлаажуулж байж болохгүй юу. Баянзүрх дүүргийн 26-р хороог унтаад босоод ирэхэд хөл хорионд оруулчихлаа. Яагаад өмнө нь хэлдэггүй юм бэ. Өөр тийшээ явдаг гээд байх юм. Болохгүй шүү дээ. Хөл хорио тогтоосон бол одоо ямар ажил хийх юм бэ. Хөл хорио чинь үр дүнгүй болоод байна шүү дээ.
Шадар сайд С.Амарсайхан: Хатуу хөл хорионы дараа эрсдлийг дөрвөн түвшинд хувааж үйл ажиллагааг хязгаарлаад байгаа. Эрсдэл өндөр байвал улаан түвшинд, буурвал шар түвшинд шилжинэ. Тиймээс хамтаараа хичээж ажиллах хэрэгтэй байна. 26-р хорооны тухайд шинжилгээ аваад маргааш, нөгөөдрөөс вакцинжуулалт эхэлнэ. Урьдчилж мэдэгдэхгүйгээр хөл хорио тогтоохгүй. Ойлголтын зөрүү, хэрэгжилтийн алдаа гарч байна. Шинжилгээ маргааш дуусвал вакцинжуулалт эхэлнэ. Орон нутагт вакцинжуулалт хийгдэж байна. Байнгын нийгмийн харилцаанд орж байгаа, хил гааль, уул уурхайн бүс нутгуудад эхэлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дархлаажуулахад хэрхэн анхаарах вэ. Вакцины сонголтын тал дээр гайхаж асууж байгаа хүмүүс байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 766 сая төгрөгийг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа эмч нарт илүү цагийн мөнгө олгохоор шийдвэрлүүлж авсан. Файзер вакциныг архаг суурь өвчтэй, элэг шилжүүлсэн гэх мэт хүмүүст хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг эхэлсэн. Нийт 34 мянган хүн байдаг. Тэдгээрийг хамруулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ