Г.Баасан: Би зөвлөгөө өгсний хөлсөнд Б.Баасанцогтоос мөнгө авсан
Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 5 шүүгч, 6 шүүхийн захиргааны ажилтнууд болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн хувийн данс руу 1.5 сая төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлсэн гэх баримтыг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ил болгосон. Энэ талаар Г.Баасан тайлбар хийлээ.
Тэрбээр "Надад хүн хэлэхээр нь л мэдлээ. Би өмгөөлөгч хүн. Би хуульч хүн. Хуульчид нэгнийгээ таньж мэднэ. "Олон жил явчихсан ийм хэрэг байна. Та үүнд дүгнэлт гаргаад өгөөч" гээд намайг суулгаад зөвлөгөө, дүгнэлт хийлгүүлж байсан. Би мэдээж дүгнэлт гаргасан ажлын хөлсөө авна. Тэрийгээ дансаар авна. Миний данс ил. Өмгөөлөгчийнхөө татварыг төлөөд л явдаг. Энд яг ямар асуудал байна. Хууль бус зүйл байхгүй шүү дээ. Гайхаад, нийгмээрээ яриад л шуугиад байх юм. Нэг хүнийг харлуулах болохоор ямар аймар мөрдөж мөшгидөг юм бэ. Өмгөөлөгчид хоорондоо дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх асуудлаар харилцана. Маш олон өмгөөлөгч нар над руу дүгнэлт гаргаад өгөөч гээд хандаж л байдаг. Миний данс руу мөнгө хийсэн хүн болгоныг мөшгих юм уу. Хэдэн сарын хэдэнд өгсөн зөвлөгөө гэдгээ ч мэдэхгүй байна. Хуулгаа харж байж мэднэ. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга гэдэг чинь цалингүй ажил. Би өмгөөлөгчийн ажил, тэтгэвэр хоёроороо л амьдардаг. АТГ-аас цалинждаг хүн биш шүү. Орон тооны бус хүн, цалингүй ажилладаг. Хүн алдаж болно. Тэр хүн чинь хүмүүс рүү мөнгө төгрөг шилжүүлж болохгүй зохицуулалттай болчихсон хүн биш шүү дээ. Буруу зүйлийг нь л ярих хэрэгтэй. Үүнээс том, монголын ард түмний хөрөнгө баялгийг хулгай хийсэн хүмүүсээ ярих хэрэгтэй шүү дээ" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ