Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар нийтийн сонсголын асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг иргэн Т.Чимгээгийн асуудлаар нийтийн сонсгол хийх албан хүсэлтийг өнөөдөр Г.Амартүвшин гишүүний хамт УИХ-ын даргад өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин“Өнөөдөр иргэн Т.Чимгээ харин маргааш бидний ээж, охин дүү хэнийг ч ийм байдлаар эрүүдэн шүүвэл яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Олон нийтэд цацсан бичлэг дээрх хүнийг иргэн Т.Чимгээг мөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Гэхдээ бидний харж байгаагаар иргэн Чимгээг мөн гэж гэж бодож байгаа. Цаашид НҮБ-ын конвенци дагуу бид эрүүдэн шүүлтийн эсрэг хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “Хэнийг ч эрүүдэн шүүхийг Үндсэн хуулиар хориглосон. Иргэн Чимгээгийн асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандан энэ асуудлыг хөндөж байна. Процессийг харахад эрүүдэн шүүлтийн дүнд авсан мэдүүлгийг шүүхийн яллах дүгнэлт болгон гаргаж байгаа нь олон улсын хүний эрхийн практикт байдаггүй ноцтой зөрчил. Иргэн Т.Чимгээгийн хэрэг бол зөвхөн олон нийтэд ил болж байгааг нэг кейс. Үүний цаана дарагдсан, нотлох баримтгүйн улмаас үлдсэн, эрүүгийн процессийн шатанд маш олон хүнийг эрүүдэн шүүсэн байх магадлалтай хэргүүд байгаа учраас бид зөвхөн иргэн Чимгээгийн хэрэг төдийгүй Монгол улсын шүүхийн практикт эрүүгийн байцаан шийтгэх тухай процест дахин энэ мэт байдлаар эрүүдэн шүүсэн хэрэг гаргахгүйн төлөө хууль тогтоох байгууллага, хүний эрхийн дэд хороо, гишүүд бид эцсээ хүртэл явах болно гэдгээ хэлмээр байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ