АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдсан байна.

Байнгын хорооны хуралдаанаас Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ.

Уг санал дүгнэлтийг энэ долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлээд, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна.

Ерөнхийлөгчийн албан бичигт "Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй.

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцээгүй" хэмээсэн байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ