УОК:Хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай хэлэлцэж байна
УОК-ын Шуурхай ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар халдварын тохиолдол олон илэрсэн байршлуудад хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай хэлэлцжээ.
Мөн цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах тухай ярилцсан байна.
Караокег 14 хоног хаана
Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "Асуудал гаргаад байгаа худалдаа үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргана. Караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлана. Караокег 14 хоногийн хугацаатай хаана" гэсэн байна.
Харин УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдаж эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөн болон үзвэр үйлчилгээ болон зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох зохицуулалт хийх тухай хэлэлцэж байна.
Хурлын дараа олон нийтэд шийдвэрээ танилцуулах үед мэдээлэх болно.
Коронавирусийн халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж өнөөдөр хамгийн олон буюу 169 тохиолдол шинээр батлагдаад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ