Н.Энхбаяр: С.Ганбаатар надтай зөвлөхгүйгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжинэ гэж хэлсэн

МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хууль, шүүхийн байгууллагын ёс зүйгүй  үйлдэл, шударга бус схемийн асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Манай намаас хууль шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн ажлын албаны хэмжээнд гарч байгаа ноцтой баримтуудтай холбогдуулж тодорхой мэдэгдэл шаардлагыг гаргаж байна. Би Монгол Улсын  Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд  өнөөдрийн хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хараад үнэхээр эмзэглэж байна.  Ийм байж болохгүй. Монголын төр засаг ингэж хямарч болохгүй, хууль шүүхийн байгууллага ингэж завхарч болохгүй. Монгол хүний эрх чөлөө Үндсэн хуульд зүгээр нэг тунхаглалын шинж чанартай болоод бодит амьдрал дээр хүн болгон ямар ч эрхгүй, эрх нь хамгаалагдахгүй байна.

 Энэ байдал гүнзгийрч, улс орны аюулгүй байдал тусгаар тогтнол алдагдах хэмжээнд очиж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэгэхээр УИХ үүргээ биелүүлж төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтынхаа дагуу болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах ёстой юм. Хэдийгээр намар, хаврын чуулган завсарладаг ч гэсэн байнгын ажиллагаатай парламент байдаг учраас байнгын хороо ажиллаж байгаа учраас үндэсний аюулгүй байдалтай холбоотой, хууль шүүхийн байгууллагатай холбоотой ноцтой баримтуудыг яаралтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, алдаа гаргасан бол үүнийг засаж, нэг нэгнийгээ гүтгэсэн байвал таслан зогсоох байдлаар энэ асуудалд цэг тавих ёстой гэж үзэж байна.

Тэгэхгүй бол ард түмэн маань гайхаад, гадаадын байгууллагууд үүнийг ашиглаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хариуцдаг зөвлөл нь хуралдахгүй байгаа юм байна гэдгийг мэдээд үндэсний аюулгүй байдлын ажлын албаар нь дамжуулж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа оруулах юм байна. Юу дуртайгаа хийлгэх аюултай байдал үүсч магадгүй юм байна гэсэн үүднээс бид ард түмэндээ гарч ирж байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байна" гэжээ. 

Мөн хууль, шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу, шударга байлгах үүднээс доорх шаардлагуудыг хүргүүлжээ. 

1.Улсын Их Хурлаас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтан нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх,

2. Дээр дурьдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд нэр холбогдсон шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг, маргааны шийдвэрийг “шинэ нөхцөл байдал үүссэн” үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,

3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад “холбогдох гомдол, мэдээлэл ирээгүй” хэмээн шалтаглан хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалж байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах зэрэг шударга ёсны зарчимд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төрийн цогц арга хэмжээг нэн даруй авч, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдэлд дурьдагдсан зүйлс үндэслэл бүхий гэж үзвэл дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсхүл А.Гансүх нь гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг санаатайгаар тараасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна.

Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд нь хэдэн албан тушаалтнуудын хоорондын маргаан мэтгэлцээн гэхээсээ илүү улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн дагуу баталгаатай эдлэх ёстой эрх, эрх чөлөө ноцтой аюул заналд учирч байгааг нотолсон баримт мөн хэмээн үзэж, эдгээр асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд яаралтай шалган алдаа завхралыг нэн даруй илрүүлэн засах арга хэмжээ авахыг шаардаж байна МАХН-ын гүйцэтгэх товчоо гэжээ.

Тэрбээр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухайд "Бие биенээсээ нууж хоёр хүн хоорондоо улс төр хийж болохгүй. С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн.

С.Ганбаатар анхнаасаа сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж ажиллана гэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байна. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед нэр дэвших яриа гарах боллоо. С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ