АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авна

Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2021.03.11/ 11:40 цагт Соёлын төв өргөөнд болох аж.

Үүний дараа 12:30 цагт намын даргын сунгаанд өрсөлдөгчдөд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаар болжээ. Халдвар хамгааллын дэглэм баримтлан хурлыг цахим болон биечилсэн гэх хосолсон байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ. 

АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр 19 гишүүн материалаа өгсөн. Улмаар тус намын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материалыг шаардлага хангаагүй гэж үзсэн бол нэг гишүүн нэрээ татсан билээ. 

Ардчилсан намын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Тус намд харьяалагддаг саналын эрхтэй 200 гаруй мянган гишүүн байдаг бөгөөд санал хураалтыг орон даяар явуулж, саналын хуудсаар санал авахаар төлөвлөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ