Монгол Улс 26 мянган иргэнээ вакцинд хамруулаад байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулах ажлын явцыг өнөөдөр шалгасан тухай Шадар сайдын ажлын алба мэдээлэв.


Тус сургуулийн 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулсны дараа биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна. Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэллээ.



Дархлаажуулах үед аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдваргүйтгэлээ сайн хийхийг Шадар сайд анхаарууллаа. Мөн иргэдэд вакцины талаарх зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байхыг холбогдох албаныханд сануулав.


Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар,  тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын  ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхлээд байгаа юм.



Монгол Улсад COVID-19-ийн эсрэг дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандан судалсны дараа дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдрөөс дархлаажуулах ажлыг өргөжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар ажиллаж байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар, 26 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулаад байна. 


Ташрамд дурдахад,  дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 44 нь ажиллаж байна. Үлдэх  40 гаруй цэгийг ариутган халдваргүйтгэж маргаашаас иргэдийг хүлээн авахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ