“COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хангалттай байж магадгүй
ВАШИНГТОН. /CNN/. “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хийсний дараах эсрэг биетийн түвшин халдвар авч байгаагүй хүмүүсийн хоёр тун хийлгэсний дараах үеийнхтэй тэнцүү юм уу илүү байгааг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.
Мөн коронавирусээр халдварлаж байсан хүмүүс эхний тун вакциныг хийлгэсний дараа сульдах, халуурах, булчин өвдөх зэрэг бусад хүнд хоёр дахь тунг хийлгэсний дараа илэрдэг зовууриуд илрэх тохиолдол түгээмэл байгааг судлаачид онцлон тэмдэглэсэн байна.
“Эдгээр үр дүнгээс үзэхэд халдвар авч байсан хүмүүс нэг тун вакцин хийлгэхэд хангалттай байж магадгүй байна” гэж “Icahn School of Medicine at Mount Sinai” анагаах ухааны их сургуулийн вирус судлаач Флориан Краммер мэдээлжээ. Тэрбээр уг судалгааг ахлан явуулжээ.
Энэхүү судалгаанд вакцин хийлгэсэн 109 хүнийг хамруулснаас 41 нь өмнө нь “COVID-19”-өөр халдварласан байжээ. Гэвч судалгаанд оролцогчид ямар вакцин хийлгэсэн, тэдэнд коронавирусний халдвар хэр хүндээр илэрсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.
Судлаачдын мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварлаж байгаагүй хүмүүст вакцин хийлгэснээс хойших 9-12 хоногт эсрэг биетийн түвшин “харьцангуй бага” байсан бол халдвар авч байсан хүмүүст эсрэг биет “хэдхэн өдрийн дотор” өндөр хэмжээнд хүрчээ. Уг судалгаанд эсрэг биетийн түвшин өндөр байх нь халдвар авахаас илүү их хамгаалах эсэх талаар дурдаагүй бөгөөд судлаачид нэмэлт судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ