Колумбид гурав хоногийн гашуудал зарлав

Тус улсын ерөнхийлөгч Ива Дукэ "Коронавирусээр нас барсан 51.747 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн гурав хоног орон даяар гашуудал зарлаж байна" гэж La FM радиогоор өчигдөр мэдэгдэв. Тэрчлэн "Би дөнгөж сая COVID-19-өөр нас барсан колумбичууддаа, Батлан хамгаалахын сайд Карлос Ольмес Трухильод хүндэтгэл үзүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Бид гурав хоногийн гашуудал зарлаж, энэ өвчний улмаас биднийг орхиж явсан бүх хүнд хүндэтгэл үзүүлэх гэж байна"  хэмээн дурдсан аж. Мягмар гарагийн өглөө Батлан хамгаалахын сайд Карлос Ольмес Трухильо цар тахлаар нас баржээ. 70 настай тэрээр нэгдүгээр сарын 12-нд коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч, эмчилгээ эхлүүлсэн ч улам хүндэрсээр хорвоог орхисон юм.                          
Worldometers порталын мэдээлсэнчлэн нэгдүгээр сарын 26-ны байдлаар Колумбид коронавирусийн 2,027.746 тохиолдол илэрснээс 1,849.194 нь эдгэж, 51.747 хүн нас бараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ