Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ыг шуурхай хуралдуулахаар боллоо

  Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга өнөөдөр 17:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая албан ёсоор Ерөнхий сайдаасаа огцорч байгаагаа мэдэгдэв. 

Тэрбээр "Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улстөрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа энэ жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байна. Цаашдаа ч гудамж талбайн жагсаал цуглааныг зохион байгуулалттайгаар хийж,  Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна. Тиймээс улсынхаа, ард иргэдийнхээ эрх ашигийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институд, Монгол Улсын Засгын газрын хооронд янз бүрийн улстөрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмнийг хамарсан үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас алдах вий гэдгээс урьдчилан сэргийлж байна. 

Та бид долдугаар сарын 1-нийг мартаагүй. Дахин тийм үйл явдал битгий гараасай гэж Ерөнхий сайдын зүгээс хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хангах үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн улстөрийн акцыг удаа дараа хийж, төрийн тогтворгүй байдлыг бий болгосон, улс төрийн оноо авах гэсэн мэдээ мэдээллийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулсаар байгаа. Цаашдаа Монгол Улсын ард түмнийг хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсэж байна. Тиймээс Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна. Төр түвшин байх ёстой" гэсэн юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ