Та аль ангилалд орох вэ?
Бид бүгд өөр өөрийн өвөрмөц зан чанартай, дахин давтагдашгүй хэдий ч нийтлэг зүйлээр нь хүмүүсийг 5 бүлэгт хувааж үздэг гэнэ. Та өөрийгөө аль бүлэгт байдгийг мэдэж авснаар давуу тал болон сул талаа илүү ойлгож, бусдыг ч бас ойлгоход дөхөм болох юм. Энэхүү нийтлэлийг сэтгэл судлаач, зохиолч Ами Морин бичсэнийг хүргэж байсан. “Big Five Personality” буюу “ Бие хүний таван хэв шинж”-ийг хүлээн авна уу.
Эдгээрийг нийтэд нь OCEAN хэмээн нэрлэдэг.
1. Openness (Нээлттэй хэв шинж)
Нээлттэй хэв шинжийг ихээр агуулсан хүмүүс өөрийн гайхалтай төсөөлөн бодох чадвар, олон сонирхлоороо ялгардаг. Тэд сониуч, бүтээлч, нэгэн хэвийн зүйлээс илүү олон шинэ зүйлийг турших хүсэлтэй хүмүүс байдаг. Тэд өөрсдийн дотоод руу өнгийж, өөрийгөө эрж хайх, сонсох аялалд ихээхэн гардаг.
Бусад хэв шинжийн хүмүүс тэднийг урьдчилан тааварлашгүй, бүрэн төвлөрч чаддаггүй хэмээн хардаг.
Сонирхолтой баримт: Энэ төрлийн хүмүүс аз жаргалтай байхдаа л илүү төвлөрдөг бөгөөд "Crystallized Intelligence" буюу талсжсан оюун ухаан гэгддэг зүйлтэй харилцан хамаарал өндөр болохыг судалгаагаар тогтоожээ.
2. Conscientious (Хариуцлагатай, зарчимч, ухамсарт хэв шинж)
Энэ хэв шинжийг ихээр агуулсан хүмүүс маш нөлөөтэй, сайн зохион байгуулалттай, итгэж болох, өөрийгөө хянаж чаддаг тийм хүмүүс байдаг. Тэд аливааг урьдчилан төлөвлөж, чанартай үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж, өндөр зорилго тавьдаг.
Ийм хэв шинжийг арай бага агуулсан хүмүүсийн хувьд эдгээр ухамсарт хэв шинжийн хүмүүсийг маш зөрүүд, хэт зүтгэгч, улайрагч гэж харах хандлагатай байдаг.
Сонирхолтой баримт: Хариуцлагатай, ухамсарт хэв шинжийг ихээр агуулсан хүнтэй гэрлэвэл ажлын амжилт ихээр өсдөг тухай нэгэн судалгаа гарсан байна. Ийм төрлийн хамтрагч таны бүтээлч байдлыг нэмэгдүүлж, амжилтад хүрэхэд маш их тус нэмэр үзүүлнэ.
3. Extroversion / Extraversion (Гадагш чиглэсэн, идэвхтэй хэв шинж)
Гадагш чиглэсэн хэв шинжийг ихээр агуулсан хүмүүс олон нийттэй харилцах харилцаанаасаа маш их эрч хүч, энерги, урам зориг авч байдаг. Тэд маш нээлттэй, яриасаг, олны анхааралд байхдаа дуртай, хариу үйлдэл хүчтэй үзүүлэгчид байдаг.
Бусад хэв шинжийн хүмүүст тэд хэт давамгайлсан, анхаарал татахыг оролдсон хүмүүс шиг харагддаг.
Сонирхолтой баримт: Гар маш чанга атгадаг төрлийн эрчүүд байдаг даа? Судалгаагаар бол хамгийн чанга атгалттай эрчүүд гадагш чиглэсэн хэв шинжийг ихээр агуулсан байдаг бөгөөд тогтворгүй хэв шинжийн хүмүүс харин гарыг хамгийн сул атгадаг хүмүүст багтдаг байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол тийм биш гэнэ шүү. Энэ судалгаа зөвхөн эрчүүд дээр л энэ анзаарагддаг болохыг тодотгож өгчээ.
4. Agreeableness (Хүлцэнгүй хэв шинж)
Хүлцэнгүй хэв шинжийг ихээр агуулсан хүмүүс хамгийн итгэж найдаж болох, сайхан сэтгэлтэй, бусдыг гэх анхаарал халамжтай, бас сэжигч хүн байдаг байна. Тэд олон нийтэд чиглэсэн ажилд идэвхтэй байдгаас гадна сайн дурын ажилд ихээхэн оролцдог, хамтач, энэрэнгүй байдаг.
Бусад хэв шинжийн хүмүүс тэднийг гэнэн, дуулгавартай, нөлөөнд автагч хэмээн хардаг.
Сонирхолтой баримт: Хүлцэнгүй хэв шинжийн хүнтэй санхүүгийн харилцаанд байх хамгийн эрсдэлгүй гэнэ. Судалгаанаас үзэхэд энэ хэв шинжийн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй зүйлд мөнгө алдах нь хамгийн бага, няхуур байдаг гэнэ. Харин нээлттэй хэв шинжийн хүнээс бага зэрэг болгоомжлохгүй бол эрсдэл, мөнгө алдах асуудал бусдыг бодвол арай их тулгардаг байх магадлалтай гэнэ шүү.
5. Neuroticism (Тогтворгүй хэв шинж)
Тогтворгүй хэв шинжийг ихээр агуулсан хүмүүс сэтгэл хөдлөл тогтворгүй байх шинж хамгийн их байдаг. Тэд таагүй мэдрэмжид хамгийн мэдрэг бөгөөд сандруу, санаа зовнил ихтэй, маш их бодолд автсан байдалтай байдаг. Санаа зовох, айх, уурлах, гунигт автах, ганцаардах, хорсох, харуусах гэх мэт мэдрэмжүүд ихээр төрдөг.
Бусад хэв шинжийн хүмүүс энэ төрлийн хүмүүсийг тогтворгүй, өөртөө санаа зовомтгой, ойлгоход бэрх гэж хардаг.
Сонирхолтой баримт: Тогворгүй хэв шинжийн хүмүүс Фэйсбүүк болон олон нийтийн сүлжээнд янз брийн зураг ихээр хийх магадлал хамгийн өндөр байдаг гэдгийг судалгаагаар нотолжээ. Тэд сэтгэгдэл, пост гэхээс илүүтэйгээр ихэвчлэн зураг оруулдаг.
Зургууд: SlideModel
Нийтлэл: INC.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ