Коронавирусээр нас барсан эмэгтэй "дахин амилав"
Ийм хачирхалтай явдал болсон гэвэл уншигч та итгэх үү? Үнэмшихэд бэрх ч болох нь болжээ. Энэ тухай "Нью-Йорк пост" сонины уржигдрын буюу 2021 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гарагийн дугаарт бичсэн болохоор итгэхээс өөр яах вэ. Жоржиа мужийн эмнэлэгт өнгөрсөн 12-р сарын 20-нд хэвтсэн 82 настай Барбара Гатри Лэй гэгч америк эмэгтэйг нас барсан гэх эмгэнэлт мэдээг хоёр хоногийн дараа эмч нар ууган хүүд нь дуулгасан байна. Эхлээд хойд эцэг Тони Лэйдээ дуулгаж, бусад хамаатан садантайгаа холбоо барьж байсан Том Келли хөөрхий эмэгтэйн том хүү бөгөөд эмч аж. Тэгтэл хэдхэн минутын дараа мөнөөх эмнэлгээс утастаад ээжийнх нь судас цохилж буй баярт мэдээг дамжуулах нь тэр. Том Келли "Эмч хүний хувьд юу болсныг "гайхамшиг" гэдэг ганцхан үгээр хэлэхээс буцахгүй шүү" гэж ярьсан байна. Хатагтай Барбара Гатли Лэйг сэхээн амьдруулах тасгаас энгийнх рүү шилжүүлсэн агаад тэр юу болсныг мэдэхгүй байгаа гэнэ. Харин Виржиниа мужийн эртний найз Ховард Хафф нь орон нутгийн сонинд "Барбара Гатри Лэй 101 наслахыг төлөвлөж байна" гэж бичсэн материалыг хатагтайд үзүүлэх гэж буй гэнэ. Сонирхолтой нь Барбара Гатри Лэй одоогоос 63 жилийн тэртээ буюу 1958 онд 19 настайдаа Виржиниа мужийн "Сайхан бүсгүй" тэмцээнд түрүүлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ