Англид дахин бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоолоо

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусний цар тахлын байдал дордож байгаатай холбогдуулан Англи даяар хорио цээрийн дэглэм тогтоож байгаагаа ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдлээ.


Гурав дахь нь болж байгаа энэ удаагийн хорио цээрийн дэглэм хаврынхтай адил боловч 11 дүгээр сарынхаас хамаагүй хатуу байна. "Та бүхэн яг одооноос дүрэм журмаа дагаж эхлэх хэрэгтэй. Харин лхагва гарагаас парламент хуралдахад эдгээр журам хууль болно" гэж Борис Жонсон цохон тэмдэглэжээ. Тэрбээр Их Британийг хүнд хэцүү цаг үе хүлээж байгаа боловч итгэл найдвараа алдаж болохгүй хэмжээн анхааруулсан байна.


Мягмар гаргаас эхлэн дараах журмууд хэрэгжинэ:

  • Гуравдугаар сард тогтоож байсан дэглэмтэй адил онцгой тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглоно
  • Иргэдэд агаарт дасгал хийх, эмчид үзүүлэх, дэлгүүр явахыг зөвшөөрнө, мөн гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа очиж болно
  • Бүх сургууль, коллеж хоёрдугаар сарын амралт хүртэл алсын зайн сургалтад шилжинэ
  • Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, ясли нээлттэй хэвээр байна
  • Их сургуулиудын оюутнууд амралт дууссаны дараа хотхондоо эргэж ирэхгүй бөгөөд алсын зайнаас хичээлээ үргэлжлүүлнэ
  • Зоогийн газрууд хүргэлтийн үйлчилгээгээ үргэлжлүүлэх боловч согтууруулах ундаагаар үйлчлэхгүй
  • Сонирхогчдын тамирчдын үйл ажиллагааг цуцалж байгаа боловч мэргэжлийн тамирчид, тухайлбал хөл бөмбөгийн дээд лигийн тоглолтыг үргэлжлүүлнэ

Их Британийн Ерөнхий сайдын хэлснээр, хорио цэрийн дэглэмийн дуусах хугацаа халдварын динамикаас шалтгаална. Тэрбээр хоёрдугаар сарын дунд үе гэхэд асрамжийн газрын ахмадууд, эмч нар, өндөр настнууд, хүнд хэлбэрийн архаг өвчтэй хүмүүс гэсэн хүн амын 4 бүлгийг вакцинд хамруулна гэж амлав. 


Өнгөрсөн хоногт Их Британид коронавирусний халдварын 58 784 шинэ тохиолдол илэрчээ. Тус улсад долоо хоногийн туршид өдөрт 50 мянга гаруй халдвар бүртгэгдсэн байна. Илүү хурдан халдварладаг коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай Их Британийн Эрүүл мэндийн сайд 12 дугаар сарын дундуур мэдэгдсэн билээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ