НДШ төлөгчийг торгууль, алдангиас чөлөөлөхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.   Хуулийн төсөлд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд НДШ-ийг ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй НДШ төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөх зохицуулалт тусгасан байв. Гэвч хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн  Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “2021 оны долоодугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Өөрөөр хэлбэл, энэ оны аравдугаар сарын  1-нээс энэ сарын 31 хүртэлх хугацаанд НДШ-ийг ногдуулж, тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй НДШ төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр өөрчилсөн.  Тиймээс Дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин санал хураалт явуулж шийдвэрлэх саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргав. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 73.3 хувийн саналаар дэмжив. Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ