МУСТА, дуучин Б.Чанцалдулам:Хамгийн гоё тайз бол сумын тайз

                                  
 Манай нийтийн дууны урлагт хослон дуулдаг гэр бүл цөөнгүй. Тэдгээрийн нэг бол А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар юм. Тэд хөл хорио тогтоохоос өмнө хөдөө орон нутгаар аялан тоглоод ирсэн ба МУСТА, дуучин Б.Чанцалдуламтай хийсэн ярилцлагыг толилуулъя.                                   
 -Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Монгол орноо тойрч аялсан тоглолтын чинь талаар ярилцлагаа эхлэх үү?   
                                                                    
-Сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Болдбаатарын Чанцалдулам гэдэг, дуучин мэргэжилтэй. 2005 онд СУИС-д элсэж орсон цагаасаа нийтийн дууны төрлөөр уран бүтээлээ хийж яваа залуу уран бүтээлч л дээ. 2013 онд нөхөр Алтангэрэлийн Анхбаяртайгаа хамтарсан "Учрал холын чамтайгаа" тоглолтоо хийснээс хойш тасралтгүй аялж тоглон, орон нутгийнхаа өнцөг буланд хүрч, дуунд дуртай түмэн олонтойгоо дуулж хуурдан, дуртай ажлаа хийгээд амьдарч байна даа. Улаанбаатар хотод 2013, 2016 онд хамтарсан, 2019 онд бие даасан тоглолтоо хийсэн ба 21 аймгийнхаа 300 гаруй суманд давхардсан тоогоор 400-гаад тоглоод байна. Саяхан бас аялан тоглолтоор яваад ирлээ(инээмсэглэв).                 
-Аялан тоглолт амжилттай юу? Ер нь хэд дэх удаагаа тойрч тоглож байна вэ?                                              
-Сайхаан сайхан. Сүхбаатар аймгийн сумдаар тоглоод ирлээ. 2013 оноос хойш цагаан сар, наадам, шинэ жилээс бусад үед байнга л аялан тоглолтоор явж байна. Холын аймгийн сумдаар бол нэг, говийн аймгийн сумдаар хоёр, за тэгээд Сүхбаатарын сумдаар гурав дахиа тойрч аялан тоглоод байна шүү дээ. Тэгэхээр 400-гаад тоглолт гэж хэлж болно. Ажлаа хийнгээ Монгол орныхоо бүх сайхан газар очиж үзлээ. Нэг удаа би аялан тоглолтоор явж байгаад "Зууны манлай хос дуучид" УГЖ Вандан ах, Дуламсүрэн эгч хоёртойгоо таараад "Та хоёр энэ суманд урд нь хэзээ ирж байв аа?" гэж асуусан чинь "Хүү минь, тоогоо алдсаан. Ах, эгч хоёрт нь очиж үзээгүй аймаг, сум гэж байхгүй. Хэд дэх удаагаа вэ гэж л ярина шүү дээ хө" гээд инээж байсан. Тэрэн шиг давхардсан тоо руугаа орж байх шиг байна аа(инээлээ).                               
-Үзэгчид хэр хүлээж авч байна вэ?                                                  
  
-Сайхаан, сайхан, тун сайхан байлаа. Би 2017 оноос хойш бие даасан уран бүтээлээ хийгээд, дээр нь хүү маань сурагч болоод аялан тоглолтуудаасаа үлдээд байсан юм. Уран бүтээлч гэр бүл гэдэг чинь заримдаа бас амаргүй ээ. Хүүгээ цэцэрлэгт байхад дураараа орхиод явдаг байлаа. Миний ээж ар тал бат даадаг болохоор санаа зоволтгүй. Сурагч болоход нь арай өөр анхаарал хэрэгтэй гэж бодсон тул урт хугацаагаар аялан тоглолтуудаасаа татгалзаад байсан юм. Харин сая тоглолтоор очиход хүмүүс их баяртай байна билээ. Тэрнээс илүүтэй би бөөн баяр. Шинэ уран бүтээлүүдээ хүргээд, сумынхаа тайзан дээр дуулж дуулчхаад орой болгон соёлын төвд хөлсөө гартал бүжиг эргэж байгаад ирлээ. Тэр чинь л жаргал шүү дээ.         
  -Хамгийн таалагдсан нь хаанахын үзэгчид байв?                     
-Анхбаяр бид хоёрт бүх л үзэгч сайхан байдаг. Бид хоёр "Таван хүн байсан ч, тавин хүн байлаа ч тоглоно" гэж ярьдаг ч тийм тоглолт хийж байсан удаа үгүй. Сургуулиа дөнгөж төгсөөд аялан тоглолтоор очиж байхад биднийг дүүрэн үзэгч, нижигнэсэн халуун алга ташилт, соёлын төвийнхөн, театр, чуулгын найрсаг хамт олон угтдаг байсан бол одоо ч хэвээрээ. Ард түмэн дуучнаа хүмүүжүүлдэг гэдэг үг бий. Анхнаасаа л сайхан хүлээж авсан болохоор дандаа сайхан, зөв, даруу байхыг өөрсдөдөө сануулсаар л явдаг даа. Анхандаа сумын тайз их ойрхон, үзэгчид нь яг нүүрэн дээр тулчихсан юм шиг эвгүй оргиод, хөдөлгөөн бүрийг дагуулж хараад байх шиг санагддаг байж билээ. Тэгвэл одоо хамгийн гоё тайз бол сумын тайз. Бас хамгийн үнэн үзэгчид тэнд л бий. Хайр хүрээд байдаг юм.                                 
  -Манайхан ч дуунд дуртай ард түмэн шүү...                         
-Монголын ард түмэн дууч ард түмэн шүү дээ. Тиймдээ ч аялан тоглолтуудыг алгасахгүй үзэж, дуучид, уран бүтээлчдээ хайрлан хүндэтгэж, өөрсдөө урам зоригоор тэтгэж чаддаг учраас л бид мэргэжлээрээ тууштай ажиллаж, улам дурлан, хичээж байгаа. Ийм сайхан үзэгчид байхгүй бол бид дуучин болох хэрэг юун.                                   
-Уран бүтээлийн чинь дараагийн төлөвлөгөөг сонирхъё...                                   
 -Ер нь бүх л уран бүтээлч уран бүтээлүүдээ хийж эмхэтгэн, цомог гаргаж, бие даасан тоглолт хийснийхээ дараа аялан тоглолтонд гардаг. Нэг тоглолт дуусаад л дараагийн тоглолтын санаа шууд төрдөг. Тэгээд бодоод л, төлөвлөөд л, бичээд л, зураад л явна даа. Байнга шинэ уран бүтээл, шинэ клипний санаа, шинэ тоглолтын арга барил, шийдэл бодоод л, хийгээд л явдаг гэсэн үг. Хажуугаар нь бусад тоглолт болон сайн үйлсийн хандивын тоглолтуудад оролцоно. Аялан тоглолтгүй үед нэвтрүүлэгт,т ярилцлаганд орно. Үргэлж шинэ дуу хийгээд студид үгүй бол шинэ клип, шинэ хувцас гээд л явж байдаг даа.2021 он гараад хорио цээргүй болоосой гэж бодож, залбирах юм. Тэгвэл бие даасан тоглолтоо хийхэд бэлэн байна.                                           
  -Та нөхөртэйгээ хамтарч дуулдаг. Бие даасан уран бүтээлийг тань сонирхъё...                                    
 -Хамтдаа уран бүтээл хийдэг болохоор ганцаараа дуулж эхлэхэд хүмүүс анхандаа гайхсан байртай байсан шүү. Тэр битгий хэл "Та хоёр зүгээр үү?" гэж хүртэл асууж байсан(инээв). Миний хувьд анхны бие даасан уран бүтээлийнхээ шүлгийг өөрөө бичиж, УГЗ Сэр-Од багшаар аялгуу хийлгэн, оюутан байхдаа дуулж дүрсжүүлж байлаа. Уг нь бид хоёр хоёулаа л бие даасан уран бүтээл хийж байсан юм. Харин хамтын уран бүтээл маань бусдад илүү хүрсэн болохоор хүмүүс тэрүүгээр л хүлээгээд авчихсан. Ганцаараа дуулаад, цомгоо гаргаад, олон клиптэй болоод ирэхээр үзэгчид аль алинд нь тааламжтай байгааг анхаарч эхэлж байна шүү. Одоо бие даасан хоёр ч цомгийн дуутай. Цаашдаа бие даасан уран бүтээлээ ч, хамтарсан уран бүтээлээ ч хослуулаад явна даа.               
 -Та хоёрын урын санд хэдэн дуу байдаг бол?                   
-За даа, бараг 100-гаад уран бүтээл байгаа шүү. Хамтын хоёр, Анхаагийн бие даасан хоёр, миний бие даасан нэг цомог. Дээр нь цомогт ороогүй дуунууд гэхээр тэр хавьцаа л очих байх. 2005 оноос хойш 15 жилийн хугацаанд бас багагүй ажил хийжээ. Бас манай хүн чинь аялгуу зохионо, зохиосон аялгуугаар нь бүтсэн өөр уран бүтээлчдийн 70 гаруй дуу бий шүү.                                       
 -Тоглолтын үеэр эвгүй байдалд орж байв уу? Санаанаас гардаггүй түүх бий юу?                                               
-Өө, байлгүй яах вэ. Увс аймгийн Тэс сумын соёлын төв тайзан дээрээ ганцхан том гэрэлтэй л дээ. Тэрэн дор Анхаа бид хоёр толгойгоо нийлүүлээд л дуулж байлаа. Тэс сум тэсэхийн аргагүй шумуултай газар байхгүй юу. Шумуул нь тэсэхээс тэгэх гэж гаднын хүнийг андахгүй. Дуулж байхад хацар хамар, гах хөл, хүзүү толгой гээд хазахгүй газар үгүй. Нүдэн дээр л битгий хазаасай гээд л залбирна шүү дээ. Ялаа ч бас гэрлэн дор их шавна. Нисэж яваад аманд орохоор нь инээмсэглээд л гялс авна. Дуугаа алдахгүй шүү дээ(инээгээд). Сумын соёлын төвийн модон шалнуудад завсар үүсчихнэ, тэнд нь туфлийн өсгий ороод гацчихна. Анхааг дуун дундуураа урагш яваад өгөхөд би ард нь хоцорно. Энэ мэт асуудал гарна аа, гарна.          
-Тоглолтын дараа бэлэг сэлт, цэцгийн баглаагаар даруулна биз?                                               
 -Өө тэгэлгүй яах вэ. Тэр чинь хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг шүү дээ. Нэгд том ажлын ард гараад авлаа даа гэдэг мэдрэмж, хоёрт ийм сайхан хамт олонтой, найз нөхөдтэй хүн юм даа гэдэг мэдрэмж. Гуравт за одоо яах вэ, юу хийх вэ, ямар ажил сэдэх вэ гэдэг мэдрэмж давхцаад ирдэг юм даа.                                        
 -Та хоёрын дуунуудаас хамгийн олон дахиулсан нь гэвэл...                                    
 -Ер нь анх хамтарч дуулсан "Насны ганцхан хань" дууг байнга нэхээд байдаг юм. Ганцаараа дуулах гээд очиход л ""Насны ганцхан хань"-иа дуулж болох уу?" л гэнэ шүү дээ. Сүүлийн үед миний "Ижийдээ ирлээ" гэдэг дууг их асуудаг болсонд маш их баяртай байгаа. Анхаагаас "Алтан туурайт ажнай"-г нэхэх нь тодорхой шүү дээ. Дээрээс нь "Зохиосон дуугаа дуулаад өг" гээд "Аархал"-ыг бас дуулуулаад авна.                         
-Та хоёр анх яаж танилцаж байв?                                             
 -Бид хоёр СУИС-ийн нэг анги. Нэг нь ес, аравдугаар ангидаа зэрэг сураад яарч очсон. Нөгөө нь цэргийн ангид ажиллаж байгаад сүүлд дуучин болохоор ирсэн. Учрах ёстой болоод л учирсан даа. Яруу найрагч Баянмөнх ах бид хоёрт зориулж "Учрал холын чамтайгаа" гэдэг дууг зохиож өгч билээ.             
-Танай ангиас олны танил уран бүтээлч хэн хэн байна вэ ?                                        
-За, СУИС-ийн манай ангиас "дэлхийн дуучин" гэгддэг МУГЖ Ариунбаатар, МУСТА Төрмандах, Анхбаяр, Сүхбаатар, Сүрэнлхам, Баасанжав, Октябрь, Алтанхуяг гээд уран бүтээлээ тасралтгүй хийгээд явж байгаа олон сайн дуучин бий. Бас манай анги олон сайн уртын дуучинтай. Бүгд л театр, чуулгад ажиллаж байгаа.                                    
 -Гэрлэснийхээ дараа хамтарч дуулсан уу эсвэл...                                        
-Оюутан байхдаа үерхээд л хамт дуулж эхэлсэн дээ. Гэрлэлтийн тухайд гэвэл энэ жил 2020 онд батлуулсан шүү дээ, 14 жилийн дараа. Хуримаа бас хийнэ л гэчихсэн байгаа.                                                           
 -Таны бага насны талаар ярилцъя...                                    
-Багаасаа л дуулах дуртай, бүжиг, шүлэг гээд юуны тэмцээн болно, бүгдэд нь орно шүү дээ. Бас ч үгүй хоосонгүй. Дандаа л энгэрээ цоолчихсон харина. Аав минь урлагийн хүн болгох дуртай биш, "Сэтгүүлч бол" л гэнэ. Харин ээж намайг их дэмжинэ. Ер нь хүний хүсэл тэмүүлэл, өөрийгөө ямраар харж сэтгэлдээ буулгана, тэр хүсэл л их хүчтэй байдаг юм билээ. Би чинь айлын том, хоёр дүүгээ харна, гэрийн ажилд сайн, хичээлдээ сайн, их эрт бие даасан даа.                        
 -Танай удамд дуучин бий юу? Аав, ээж чинь ямар мэргэжилтэй хүмүүс вэ? 
-Тэд Орост танилцсан, цахилгааны мэргэжилтэй хүмүүс. Сургуулиа төгсөж ирээд хоёулаа Эрдэнэтэд хуваарилагдаад ЭБЦТС-д ажилласан. Ээж маань сайхан дуулна. Аавын аав нь 4-5 төрлийн хөгжим тоглодог, найранд уригдаж дуулдаг ч урлагаар яваагүй юм билээ. Гэхдээ дархан хүн байсан. Удам гэвэл ийм л...                                                       
-Таны анхны тайз...                         
-Таван настайдаа "Хонхон цэцэг" гэдэг улсын уралдаанд орж түрүүлсэн зураг маань байдаг юм. Тэр цагаас хойш Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордны том тайзан дээр л өссөн дөө. Аав харин "Дуучин болгохгүй" гээд 4-8-р анги төгстөл дуулуулаагүй. Ээж бид хоёр тоглолтын хувцсаа нууцаар авч яваад тэмцээнд орно. Авсан медалиудаа нуучихдаг байлаа шүү дээ.                         
 -Ямар сурдаг охин байв?               
 -Бүх хичээлдээ жигдхэн сайн. Монгол хэлний олимпиадын алт, мөнгөн медальтай. Хүндэт самбарт зураг маань байдаг л хүүхэд байсан даа.                                              
 -Хайрын анхны захиаг хэзээ авав?                                       
-Наймдугаар ангидаа Валентины баяраар сургуулийн захианы хайрцгаар дамжуулж нөгөө ангийн хөвгүүнээс захиа авч байлаа. Охид "Хэнээс ирсэн байна? Юу гэсэн байна вэ!?" гэхээр сандарсандаа тас атгачхаад ичингүйрээд байж билээ.                                
-Та дуучин болоогүй бол ямар мэргэжил сонгох байв?                                                   
 -Би өөрөөр төсөөлж байгаагүй ээ. Өөрөөр хэлбэл өөр мэргэжлийн тухай нэг ч удаа холбирч бодож байсангүй. Магадгүй аав маань сэтгүүлч болгох гэж зүтгэх байсан биз. Би харин хотод ирээд, шүлгээр, дуугаар цомог гаргах тухай л бодох байсан болов уу(инээв).           
 -Та ямар хоолойтой вэ?                     
 -Меццо. Энэ нь эмэгтэй эрдүү хоолой юм л даа. Гэхдээ намайг хүмүүс сопран хоолойтой гэж андуурах нь бий. Хүнд дуулах эв дүй, арга барил гэж бий.                                        
 -Мэргэжлийн багш тань хэн билээ?                                                          
-УГЖ, доктор Чулуунцэцэг багшийн удирдлаганд таван жил уртын дуу заалгаж, дуучин болж төгссөн.                                         
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?                                        
-Хүн ер нь нас насандаа өөр өөр юм сонирхоод, сурмаар санагддаг юм билээ. Би гоо сайхан, оёдол, иог, фитнесс гээд зөндөө л юм сурч үзсэн. Сурмаар санагдвал цаашдаа ч сурна. Өөрийгөө хайж, шинэ зүйл сурах боломж өөртөө олгоно гэдэг их чухал юм байна гэж боддог учраас зав муутай ч гэлээ хувь хүний хөгжлийн тухай ном уншиж, сургалтуудад сууж байгаа маань миний ажил мэргэжилтэй, алсдаа хийхээр төлөвлөж буй ажилтай минь холбоотой. Хажуугаар нь мэргэжлээ өөрөөр яаж хөрвүүлж, өөр мэргэжилтэй хэрхэн сүлж, өөрийгөө илүү нээж хөгжүүлж болох вэ гэдгийг судлаад, хийж үзээд л суралцаад явж байна. Сурах зүйл их ээ.        
-Танайх хэдэн хүүхэдтэй билээ?                                                                    
-Одоогоор нэг хүүтэй. Гэхдээ одон авна аа(инээлээ).                                  
-Ингэхэд та гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцдог уу?                   
 -Оюутан байхдаа гадаадад фестивальд оролцож, уртын дуугаар ая барьж байсан шүү. Одоо бол хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд зохиогддог уралдаан тэмцээнд уран бүтээлээ сойж байна даа.     
-Та аль нутгаар овоглодог вэ?                                                    
-Би Эрдэнэтэд төрж өссөн л дөө. Эрдэнэтийнхэн бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаандаа дуудаж оролцуулан, хамтарч ажилладаг. Гэхдээ уран бүтээлч хүнийг чинь аав, ээжийн нутаг аль аль нь дуудна. Яалт ч үгүй очино. Манай ээж Увс аймгийн Малчин сумынх, аав Архангай аймгийн Цэцэрлэгийнх. Би Архангайн уран бүтээлчдийн "Тайхар" нэгдэлд харьяалагддаг.      
 -Хуучны дуунуудыг сэргээж дуулахыг юу гэж боддог вэ?                                            
-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. 1960-1980-аад оны уран сайхны зөвлөлөөр шүүлгээд, тунгаагдаад, батлагдаад гарч ирсэн тэр олон сайхан дууг бүгд л дуулж, сурч, өвлөж уламжлаасай гэж боддог. Зарим хүн "Шинээр сэтгээч. Хуучнаа ухаад суух юм" гэх тохиолдол гарч байлаа. Гэхдээ уран бүтээлчид бид шинээр ч уран бүтээл хийж байгаа. Сэргээж ч дуулж байна. Аль аль нь байж болно.          Миний хувьд хэд хэдэн дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр дуулсан. Зохиогч нь байхгүй болсон ч үр хүүхэд нь 50 жил эзэмшинэ. Сайн уран бүтээл хийснийхээ төлөө өөрөөсөө хойш үр хүүхдүүдээ тэжээж болно шүү дээ. Аль аль талдаа өгөөжтэй учраас би дэмждэг.                                     
-Та хөгжмийн зохиолчид, яруу найрагчдаас хэн хэнтэй хамтарч ажилладаг вэ?                                                      
-Тэр тал дээр баригдах зүйл байхгүй. Хэнтэй ч хамтарч ажиллаж болно. Дуучин хүн яруу найрагч, хөгжмийн зохиолчдын ямар ч цаг үед ямар ч утгатай бичсэн шүлгээр бүтсэн дууг дуулж болно. Дандаа гэгээлэг байх ч албагүй. Амьдрал олон өнгөтэй. Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг тайтгаруулах гэж, аргадах гэж, уяраах гэж олон өнгө аястай дуу төрсөөр байдаг. Erdenetur sent Today at 1:58 PM Яах вэ, надад СУИС-ийн анги удирдсан багш, дэлхийн шилдэг хөгжмийн зохиолч Өлзийбаярын таван дуу бий. Бусдынх нь 1-2.                                 
-Үеийнхээ дуучдаас хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг вэ?                              
 -Бүгдтэй нь л адилхан сайхан нөхөрлөдөг. Би Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Хүн ер нь бусадтай сайхан нөхөрлөж сурах хэрэгтэй гэж бодож, хичээж явдаг даа.                     
  -Та нэрийнхээ талаар яриач...                                           
 
-Аавын минь аав, өөрөөр хэлбэл өвөөгийн өгсөн нэр. Өвөө маань урлагийн маш их мэдрэмжтэй, дархан, мужаанаас гадна бурхны ном мэддэг, маань хөгжөөдөг, уншдаг хүн байсан гэдэг. Тэгээд надад энэ нэрийг өгсөн. ДУЛАМ гэдэг чинь ДАРЬ ЭХ гэсэн үг шүү дээ. Орчин үед энэ нэрийг сахиусан тэнгэр гэж хөрвүүлсэн байна билээ. Гоё байгаа биз. Хүүхэд байхдаа нэрээсээ их ичдэг байж билээ. Одоо бол маш их хайртай. Тийм ч учраас "ДУЛАМ" гэдэг сан байгуулаад хоёр жил болж байна. Сайн үйлсийн ажил хийж үзэж байна. Алсдаа олонд тустай сайхан ажил хийнэ гэж бодоод эхэлсэн юм. Санаж явахад бүтэх байх аа. Эхэлчихсэн юм чинь болж л таараа.  
No description available.
No description available.
No description available.

                       Ярилцсан Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ