Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа. 

УИХ, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль нэг хуулиар зохицуулагддаг байсныг салгаж бие даасан хууль болгон баталж буй нь энэ юм. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах, зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан уг хуульд сонгогч саналаа өгснийг илтгэх бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчдын мэдээлэлтэй эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. 

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсэг бүрд өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор, санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч овог, нэр, регистерийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг нь тэмдэглэсэн цахим, цаасан архив үүсгэх талаар тусгасан байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүд уг хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэхийг тодруулж байсан. Үүнд хууль санаачлагчийн зүгээс хэн нэр дэвшиж болох болохгүй энэ хуулиар зохицуулахгүй гэдэг хариулт өгч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ