Өнөөдөр Зул сарын битүүний өдөр

Христийн шашинтай орнуудын ХАМГИЙН их хүсэж хүлээдэг, хамгийн их ач холбогдол өгч тэмдэглэдэг баяр бол ЗУЛ САР буюу 12 сарын 25-ны Христийн мэндэлсэн өдөр. Анх МЭ X зууны үеэс тэмдэглэж эхэлсэн зул сарын баярын "Merry Christmas" гэдэг нь "Христ мэндэлсний баярын мэнд" гэсэн утгатай.
Энэ өдөр Христийн шашинтнууд сүмд мөргөж залбиран өргөл барьц өгөхийн зэрэгцээ гэр бүлээрээ ширээ тойрон сууж тэмдэглэхийг илүүд үздэг. Учир нь зул сарыг гэр бүлийн баяр.
Тэгвэл Christmas Eve буюу Зул сарын өмнөх өдөр манайхаар битүүний өдөр Григорийн тооллын 12 сарын 24-нд тохиож, Дэлхийн олон оронд хүмүүс яг манай 12 сарын 31 хэрхэн өрнөдөг шиг хагас өдөр ажиллах, бэлэг худалдан авах, боох, чимэглэл, хоол хүнсээ цуглуулах гээд дутуу зүйлсээ эцсийн байдлаар худалдан авах зэргээр бэлтгэлээ бүрэн базаадаг. Зарим оронд бүр зул сарын битүүнд бэлэг солилцож, задалдаг. Энэ л өдөр гацуур модоо чимэглэн үүрдийн гэрэл гэгээ, амьдралыг бэлгэдэх лаагаа асааж, айлууд гэр орноо цэвэрлэн, модны мөчрөөр хийсэн гоёмсог чимэглэл хаалгандаа өлгөж, гацуур модоо засан гэрээ чимэглэж, хүүхдүүддээ бэлэг бэлддэг бол хүүхдүүд Санта Клаусаас бэлэг авахаар оймс, дэрний уутаа өлгөж Санта ч үүр цайхаас өмнө тоглоом, амттанаар оймс, дэрний уутыг дүүргэнэ. Сүм хийдүүд Христ мэндэлсэний баярыг тэмдэглэн тусгайлан найрал дуу, жүжигчилсэн тоглолт гээд олон үйл ажиллагааг зохион байгуулна. Улаан өнгө бол энэ баярын бэлгэ тэмдэг юм.
Улс орон бүр өөр өөрийн онцлог соёлд тааруулан тэмдэглэдэг. Зарим оронд энэ өдөр битүүний халуун шоколад ууж лааны гэрэлд баярын түүхүүд ярих, хүүхдүүд Сантад сүү жигнэмэг бэлтгэн тавих, буганд лууван үлдээдэг гээд янз бүрээр өнгөрүүлнэ.
Гацуур мод чимэглэх ёс 1000 гаруй жилийн өмнөх Германчуудаас эхэлсэн. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ. Ромын Католик шашинтнууд Христийг шөнө дунд мэндэлсэн гэж үздэг тул 00:00 цагаас өмнө олноороо цуглаж баярлан угтдаг. Харин Византийн ёсонд зул сарын баярын өмнөх өдрийг бэлтгэл өдөр гэж үзээд мацаг барьж, тэнгэрт одод гарах хүртэл юм иддэггүй. Зарим оронд аялал, амралтын газруудад хүмүүс бужигнана.
Дэлхийн I дайны үед 1914 оны 12 сарын 24-ны Зул сарын баярын үдэш хоорондоо дайтаж байсан Англи Германы 100 000 орчим цэрэг түр эвлэрч хамтдаа Зул сарын баярыг тэмдэглэж байжээ. Энэ үйл явдлыг Германаар Weihnachtsfrieden, Англиар Christmas truce гэж нэрлэдэг. Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэн лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулахад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ. Хоорондоо байлдаж байсан цэргүүд нэг нэгэндээ тамхи, хүнс, архи зэргийг бэлэглэж зарим газар цэргүүд хоорондоо хөл бөмбөг хүртэл тоглож байсан хэмээн түүхэнд тэмдэглэжээ . Фронтын завсрын бүсэд тэр орой гал бүрэн зогсож, 30км гаруй фронтын зурваст Зул сарын баярыг цэргүүд хамтарч тэмдэглэсэн юм.
1914 оны залуус хувцасны товч цуглуулдаг нэг нэгэнтэйгээ солилцдог нийтлэг сонирхолтой байжээ. Эвлэрэлийн өдөр хоёр талын цэргүүд нэг нэгэнтэйгээ хувцасныхаа товчыг солилцож, нэгэн үсчин Герман цэрэг Англи цэргийн үсийг засч өгч, фронтын завсрын бүсэд хаягдсан амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг талууд хамтарч оршуулж байжээ. ЗУЛ САРЫН БАЯРЫН ЭВЛЭРЭЛ

Image may contain: text that says 'Merry Christmas Eves'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ