"Кибер аюулгүй байдлын хуулийн төсөл боловсруулж байна"

Чуулганы хуралдаанаар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр гадаадын иргэдийн кибер халдлагаас сэргийлэх хууль боловсруулж байгааг албаныхан гишүүдийн асуултад хариулахдаа мэдээлэв.   Л.Энх-Амгалан: Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Саяхан Хятадын Засгийн газрын санхүүжилттэй хакерын бүлэглэл манай улсын төрийн 430 байгууллагын программд халдлага үйлдсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагын ашигладаг программ руу халдсан. Энэ нь төрийн байгууллагын албан бичиг боловсруулж, хөтөлдөг, дотоод чат зэрэг амин чухал асуудалдаа ашигладаг программ.   Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Засгийн газраас ажлын баг гарч цахим аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа. Засгийн газраас Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Эдгээр хуулийн төслөөр цахим аюулгүй байдлыг хангах, кибер цэргийн анги байгуулах, тагнуул, батлан хамгаалах, мэдээлэл технологийн салбар ямар зохицуулалттай ажиллахыг нарийвчлан тусгана. Харин өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд, гадаадын иргэн цахим аюулгүй байдлын эсрэг халдсан бол тагнуул, цагдаагийн байгууллага шалгахаар зохицуулсан. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ