Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэн эрхийг сэргээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай болон Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай зарлигуудыг гаргалаа.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Эргэн сануулахад өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Түдгэлзүүлсэн 17 шүүгчийн найм нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ