Хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн эрхлэгч Н.Энхтайван:Төрөөс монгол бичгээр хэвлэгддэг сэтгүүл, сонинг дэмжих болсонд баяртай байна
-Хүүхдэд зориулсан хэвлэл ховордсон үед танай сэтгүүл хэвлэгдэж, бүр хос бичгээр гарах болсонд Танд баяр хүргэе. Яагаад монгол, кирилл хос бичгээр хүүхдэд зориулж сэтгүүл гаргах болсон бэ?
-Эхлээд би нэг товч түүх яръя. Монголын хүүхдийн тогтмол хэвлэлийн үүсэл, хөгжил 90 гаруй жилийн түүхэн уламжлалтай. Монголын хүүхдийн анхны хэвлэл «Залгамжлагч» сэтгүүл 1926 онд, “Пионерийн үнэн” сонин 1944 онд анх хэвлэгдэж байв. “Пионерийн үнэн” болон түүний үргэлжлэл “Хойчийг залгамжлагч” сонин нь Монголын хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэгч, эрдэм боловсрол, ёс суртахуунтай, оюун ухаан бие махбодын өв тэгш хөгжилтэй иргэн болон сурч хүмүүжихэд нь туслах, тухайн цаг үеийн хүүхэд багачуудын хөгжил, төлөвшил, боловсрол, оюуны түүчээ болж байсан.
“Залгамжлагч” болон “Пионер” сэтгүүл тасралтгүй 65 жил уншигч багачууддаа хүрч, “Пионерийн үнэн” 200 мянган хувь захиалагдаж, сургуулийн өмнөх насныханд зориулсан “Оюунтүлхүүр” сэтгүүл 40 мянга хувь хэвлэгдэж байсан түүхтэй.
Эдгээр хэвлэлүүдийг бүгд төр засгаас санхүүжүүлдэг байсан. МХЗЭ-ийн төв хорооны дэргэд хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакц гэж ажиллаж байлаа. 1990 оноос хойших үеийн нийгмийн давалгаанд хүүхдийн хэвлэл ч өртсөн. 1996 онд “Хойчийг залгамжлагч” сонин хаагдснаар хүүхдийн тогтмол хэвлэлийн талаарх төрийн бодлого огт байхгүй болсон. Төр засаг шууд хөсөр хаясан гэж хэлж болно.
Тэр үед хувь хүмүүсийн байгуулсан хүүхдийн сонин хэвлэлүүд хоёр, гурван жилийн настай тэгэсгээд хаагддаг байсан. Яагаад гэвэл насанд хүрэгчдийн сонин шиг ашиг олдоггүй учраас тэр. Хүүхдийн хэвлэлийн түүхийн тухай гунигтай ч гэлээ бахархалтай товчхон түүх ярьвал ийм байна.
4 жилийн өмнө хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар монголд хүүхдийн 8 хэвлэл бүртгэлтэй байна гэжээ. Ийм хүндхэн цаг үед манай Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан монгол, кирилл хос бичгээр ЕБС-ийн багш, болон оюутан, сурагчдад өсвөр залуу үед зориулан “Оюун түлхүүр-эрдэм” сэтгүүлийг эрхлэн гаргаж, бэрхшээлүүд дунд чадан ядан явж байна.
- Сэтгүүлдээ “Оюунтүлхүүр-эрдэм” гэж нэрийг яагаад өгөх болсон юм бэ?
Оюуныг нээгч “Оюунтүлхүүр” гэж гайхамшигт сургаал бий. Өвөг дээдэс маань яагаад оюуныг нээгч гэж тэр сургаалыг нэрийдсэн нь маш гүн утга агуулгатай. Хуучин цагт хүүхэддээ гэрээр монгол бичиг заасны дараа үсэг нүдлэнгүүт нь Чингис хааны билэг сургаалын дээжийг агуулсан “Оюун түлхүүр нэрт шастир”-ыг юун түрүүнд уншиж өгч, утга санааг нь яриулдаг байсан. Бичиг үсгээ сурсаны дараа нь “Оюун түлхүүр” сургаалыг уншуулж, бичүүлдэг бичигдээгүй хууль мэт журамтай байсан гэдэг.
“Оюунтүлхүүр”-ийн сургаалиуд нь хүмүүний төр ёс, хууль цаазыг дагахуй, амьдрахуйн явдал, сайн муугийн ялгааг илэрхийлсэн, хүмүүний хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэхүйц, өдгөө ч шинж чанараа алдаагүй сургааль. Оюунтүлхүүр бол ерөөсөө хүн байхуйн учир утгыг сургасан.
Манай сэтгүүл хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, монгол бичиг, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшил, суралцахад эерэгээр нөлөөлөх, мэдлэг чадварыг дээшлүүлэх гол зорилготой байгуулагдсан учраас “ОЮУНТҮЛХҮҮР” гэж сургаалынхаа нэрийг хайрласан. Ирээдүйд эрдэм мэдлэгтэй, боловсорсон, гэгээрсэн монгол хүмүүнийг бий болгоход хувь нэмрээ оруулахын тулд “ЭРДЭМ” гэж сайхан үгийг оруулсан юм.
Манай сэтгүүл бол нэг талаар хүүхдийн тогтмол хэвлэл, нөгөө талаар монгол бичгийг түгээн дэлгэрүүлэгч хэвлэл юм. Хос морьтон гэсэн үг.
-Танай сэтгүүлийг дэмждэг байгууллага, хувь хүмүүс байдаг уу? Бэрхшээлийг хэрхэн даван туулж байна вэ?
-Оюуны ажлыг ойлгож дэмжих хүн цөөн ч монгол түүх, өв соёлдоо хайртай, манай сэтгүүлийг дэмждэг сайн санаатан хүмүүсийн дэмжлэгээр сэтгүүл маань гарсан. Хүүхдийн хэвлэлээс эдийн засгийн ашиг орлого олно гэж байхгүй учраас хүүхдийн хэвлэлүүд дампуурч, хатуухан хэлэхэд энэ салбарыг сонирхох хүн цөөн байдаг. Гэхдээ бид хэдий хүртэл бүх зүйлийг эдийн засгийн ашиг, орлогоор харж, зоосны нүхээр шагайх бэ. Ядаж хүүхэд рүүгээ зоосны нүх чиглүүлэхээ больё л доо. Манай зарим эцэг эхчүүд үнэтэй виски, брэндийн цүнх, үнэртэнд гар татахгүй, мөнгө хайрлахгүй худалдаж авдаг хирнээ 10,000 төгрөгөөр хүүхэддээ ном авч өгөхдөө үнэтэй байна гэж хэлдгийг би огт ойлгодоггүй. Бүр эмгэнэлтэй санагддаг.
-Саяхан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр батлагдсан. Танай хос бичгийн сэтгүүлийг төр засгаас бодлогоор дэмждэг үү?
- Тиймээ. 2015 онд Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон монгол хэл бичгээ өргөн утгаар нь зохицуулах Монгол хэлний тухай хуультай болж, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ыг саяхан баталсан. Энэ хөтөлбөрийг маш сайн боловсруулсан байна лээ. Одоо хөтөлбөрийн дагуу зохион байгуулах ажлын төлөвлөгөөг шадар сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлыг хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, холбогдох эрдэмтэн мэргэд маань хэлэлцэж байгаа.
Үндэсний хөтөлбөрт “Монгол бичгээр хэвлэгддэг сонин, сэтгүүлийн давтамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж заалт орсон байгааг хараад манай хос бичгийн “Оюун түлхүүр-эрдэм” сэтгүүлийн хамт олон туйлын баярлаж байгаа.
1990 оноос хойш хүүхдийн тогтмол хэвлэлийн талаар төр засгийн алдагдсан бодлого, хүүхдийн хэвлэл эрхлэн гаргагчдад тулгарч байгаа бэрхшээлийг төр засаг маань алсын хараагаар харж, энэ удаа биднийг дэмжинэ гэж итгэж байна.
Нийт хүн амын 30 хувийг эзэлдэг хүүхэд багачуудад өдгөө унших хэвлэл гэж алга. Энэ онд Соёлын яам шинээр байгуулагдсан. С.Чулуун сайд маань академич, эрдэмтэний хувьд холч мэргэн хараагаар харж хос бичгийн “Оюун түлхүүр-эрдэм” сэтгүүлийг дэмжиж, хамтран ажиллах болж байгаа.
Монгол кирилл хос бичгийн “Оюун түлхүүр-эрдэм” сэтгүүл нь хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, монгол бичиг, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшил, суралцахад эерэгээр нөлөөлөх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, мөн сургалт, танин мэдэхүйн үүргийг гүйцэтгэх юм. Бас оюутан, сурагч, багш нарын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах гэх мэт төлөвлөсөн олон ажил бий. Иймд бид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд хамтран ажиллах ажлын саналаа хүргүүлж ярилцаж байгаа.
-Зарим хүмүүс монгол бичгийг сурахад хэцүү гэж эсэргүүцдэг.Хос бичгийн сэтгүүлийн эрхлэгчийн хувьд Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
- Аливаа үндэстний оршин байх гадаад бэлгэ тэмдэг бол бичиг, хэл хоёр. Хэл соёл бол үндэсний дархлаа юм. Бичиг солиход сэтгэлгээ өөрчлөгддөг. Хэл уствал үндэстэн устана. Монгол хүн монгол бичгээ сурахад тэгэж хойргошиж, төвөгшөөж эсэргүүцээд байх юм байхгүй. Энэ бол бидний дархлаа, амин чанар, ондоошил.
Эрдэмтэн мэргэд маань монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар тус тусын санаа оноо дэвшүүлсэн байдаг. Монгол бичиг сурснаар харанхуй бүдүүлэг цаг руугаа буцах гэж байгаа мэтээр зарим хүмүүс ярьж буй нь зохимжгүй юм. Шинэ цагийн соёл иргэншил, шинжлэх ухааны ололт амжилт, гадаад хэл сурах бүхнээс татгалз гэж байгаа юм биш шүү дээ.
Зарим хүмүүс монгол бичгийг дуудлага, бичиг зөрдөг гэж төвөгшөөдөг. Гэтэл энэ цаг үед 4-5 гадаад хэлийг гаргууд эзэмшсэн хүмүүс олон болж. Өрнө дорнын харь хэлийг сураад байгаа хирнээ монгол бичгээ сурахад төвөгшөөх юун билээ. Хэдэн мянган ханзтай хятад хэлийг унаган хэл мэт сурсан залуус олон байна. Монгол бичиг сайн сурснаар төдий чинээ монгол сэтгэлгээтэй болно
Аливааг ул суурьтай, гүнзгий сэтгэх, задлан шинжлэх, дүгнэх чадвартай болохоос гадна хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирч, ядаж сууж сурдаг болно. Гадаадын иргэд хүртэл монгол бичиг, уртын дуу, морин хуурийг сонирхон сурч, судалж байна. Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр гэж залуу орос, англи, герман, төвд хэлээр ярьж, монгол бичгээр гаргууд бичиж байна шүү дээ. Ийм залуусаасаа үлгэр дууриал аваасай.
-Та монгол бичгийг яаж сурсан бэ?
- Миний аав монгол бичгээр маш сайхан бичдэг Архангай аймгийн Тариат сумын уугуул Агваанжамбын Норовпэрэнлэй гэдэг хүн байсан юм. Аав минь ажлынхаа тэмдэглэлийг бүгдийг монгол бичгээр бичнэ. Тэгээд тэмдэглэл хөтлөхөд хурдан байдаг юм гэж ярьдаг байж билээ. Аав минь Архангай аймгийн Тариат сумын шинэ үсгийн анхны багш хүн байсан юм. Миний монгол бичгийн анхны гэрийн багш бол аав минь байлаа. 10-р анги төгсөөд УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангийн оюутан болоход Лувсанбалдан багш монгол бичиг заасан. Хүүхэд, насанд хүрэгчид гэлтгүй интернет, онлайн орчноос бүх мэдээллээ авч, цахим хэрэглээ хязгааргүй болсон энэ цаг үед танай сэтгүүл маш их хувь нэмрээ оруулнэ гэж бодож байна.
- Цахим хэрэглээний талаар та ямар бодолтой байдаг бэ?
-Орчин цагт хүүхдүүдийн дунд гар утас, интернетийн хязгааргүй хэрэглээ нэмэгдэж, компьютер тоглоомонд донтож, сошиал орчинг хяналтгүй ашиглаж байгаа сөрөг үр дагаварууд улам газар авч хүүхдийн хүмүүжил, ёс зүй, эрүүл мэндэд нөлөөлөх болсон. Хүүхдүүдийн дунд гэмт хэргийн гаралт огцом өссөн гэдгийг Цагдаагийн байгуулагаас мэдэгдээд байгаа билээ. Монгол ахуй, өв соёл, зан заншил, уламжлалыг мартаж, эцэг, эхчүүд ч энэ талаараа дорвитой анхаарч чадахгүй байгаагийн улмаас монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань үндэсний соёлоос тасран холдох аюул тулгараад байна. Үүнээс улбаалж ном, сонин, сэтгүүлээс холдох хандлага гарч байна. Ялангуяа цахим орчин гэр бүлийн амьд харилцааг улам хумьж байна. Массачусетсийн Их Сургуулийн эрдэмтэд цаасан ном, хэвлэл хэдэн зуун жилдаа үнэ цэнээ алдахгүй гэсэн судалгааны дүгнэлт гаргасан байна билээ. Иймд хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл маань хүүхэд залуучуудынхаа оюуны хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа
Б.Номуун-эрдэм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ