Б.Эрдэнэтбатыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт буцаав

Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.  Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 1489 дугаартай магадлалаар:  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нь нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ