Уралын хуулийн дээд сургуулийн анхны монгол эмэгтэй төгсөгч М.Уянга:Би анхны гадаад эмэгтэй төгсөгч гэдгээрээ маш их бахархдаг
-Ярилцлагынхаа эхэнд өөрийгөө танилцуулаач...
-Намайг Мөнхтүвшингийн Уянга гэдэг. Монголын баруун хязгаар Ховд аймагт 1996 оны тавдугаар сарын нэгэн сайхан нарлаг өдөр мэндэлсэн. Айлын бага охин, захчин үндэстэн.
-Та өнгөрсөн хавар Уралын дээд сургууль төгссөн байх аа?
-Хавар биш ээ долдугаар сард ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хуулийн дээд сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. Хамгийн сонирхолтой нь бид онлайнаар төгссөн анхны төгсөгчид болсон явдал байлаа. Коронавирэсээс болоод нутагтаа ирсний дараа манай албан ёсны төгсөлт болсон юм. Хэдийгээр онлайнаар оролцсон ч төгсөгчдийнхөө дэргэд, ангийнхантайгаа хамт байгаа юм шиг сайхан мэдрэмж авч чадсан шүү.
-Ингэхэд та энэ сургуулийг төгссөн анхны монгол хүн билүү?
-Би энэ сургуулийг төгссөн анхны монгол эмэгтэй. Мөн сургуулийнхаа анхны гадаад эмэгтэй төгсөгч хэмээх эрхэм нандин алдрыг хүртэх ховорхон боломж олдсонд маш их талархалтай байдаг. Аав, ээжийн бяцхаан охин алс хол хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр тэр тусмаа цэргийн сургуульд сурахаар сэтгэл шулуудан 2014 онд ОХУ-ын Волгоград хотыг зорьж байсан маань саяхан мэт санагдаж байна.
-Та ямар мэргэжлээр төгсөв?
-Хэлний бэлтгэлээ Волгоград хотын цагдаагийн академид дүүргээд, 2016-2020 онд Екатеринбург хотын Уралын хуулийн дээд сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.
-Яагаад энэ сургуулийг сонгов? Та тэтгэлгээр сурсан уу эсвэл хувиараа юу?
-Би хоёр улсын хоорондын гэрээний дагуу тэтгэлгээр суралцаж төгссөн. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маш энгийн хэрнээ гайхалтай. Сэтгэл судлал бол Монголд төдийгүй дэлхий даяар сүүлийн арван жил маш хурдацтай хөгжиж байгаа шинжлэх ухаан л даа. Ер нь манай улсад сэтгэл зүйн асуудалтай мөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан зөвлөгөө, тэднийг хамгаалах, дэмжих, урамшуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олширч буй нь үнэхээр сайшаалтай. Энэ мэргэжлийг сонгоход эхлээд өөрийнхөө асуудлыг шийдэх гэсэн амин хувиа хичээсэн шалтгаан маань нөлөөлсөн гэж би дүгнэдэг(инээв). Анх би Монголд ДХИС-д элсэж орохдоо маш сайн эрх зүйч болно гэж бодож байсан. Тэр үед сэтгэл зүй гэгч зүйл надаас хол байлаа. Гэхдээ 16 наснаас сонирхож уншсан номууд маань дан сэтгэл судлалынх байсныг олж анзаарсан. Сэтгэл судлал бол миний хувьд хобби буюу сонирхол биш хайртай зүйл гэдгийг ойлгосон. Тиймээс "Хэрвээ та ажил дээрээ аз жаргалтай байхыг хүсвэл сонирхдог зүйлээ мэргэжлээ болго" гэдэг энгийн томъёолол надад нөлөөлсөн юм. Хожим нь өчүүхэн зүйлд бухимдалгүй амьдрах хэчнээн тааламжтай болохыг ухаарч, ихэнх асуудал бидний ойлголтоор бий болдгийг ойлгосноор тэднийг тойрон гарах арга зам үргэлж байдгийг судалсан. Сэтгэл судлаач Михаил Литвакын хэлсэн "Аз жаргал бол үр дүн биш. Аз жаргал бол үйл явц юм аа" гэдэг гайхалтай үг бий. Энэ үйл явцыг олон хүн хэрэгжээсэй гэж хүссэндээ энэ мэргэжлийг сонгосон.
-Хэдэн жил сурав? Жилийн төлбөр их биз?
-Нийтдээ зургаан жил сурсан. Гэхдээ тэтгэлгээр сурсан болохоор сардаа хэрэглэх хоол хүнсний мөнгийг л аав, ээжээсээ авдаг байсан даа.
-Та оюутны байранд амьдардаг байв уу?
-Казарм буюу оюутны байранд эхний хоёр жил байрлаж амьдарсан. Анх очоод шууд л гурван орос охинтой нэг өрөөнд хуваарилагдаж орсноо маш сайн санадаг шүү. Тэр үед хэл сайн мэддэггүй байсан болохоор юм хэлж чадахгүй, өрөөгөө их цэвэрлэсэн дээ(инээгээд). Одоо бодоход хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлджээ. Манай оюутны байр таван давхар байсан. Нэг давхарт нэгдүгээр курсийн 100 гаруй сонсогч амьдардаг байсан.
-Танай ангид өөр гадаад оюутан байсан уу ?
-Байлгүй яах вэ. Манай ангид оросуудаас гадна тажикистан, узбекистан сонсогч нар сурдаг байлаа. 18 эрэгтэй сонсогчтой, ганц эмэгтэй нь би.
-Хөөх, 18 залуутай нэг ангид орно гэдэг ч хэцүү шүү...
-Тийм ээ, дан эрчүүдтэй хамт сурлаа
-Танай ангид өөр гадаад оюутан сурдаг байсан уу?
-Байлгүй яах вэ. Манай ангид оросуудаас гадна тажикистан, узбекистан сонсогч нар сурдаг байлаа. 18 эрэгтэй сонсогчтой, ганц эмэгтэй нь би. Тийм ээ, дан эрчүүдтэй хамт суралцах мэдээж хэцүү. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хичээх хэрэгтэй. Амьдралд ч, карьерээ бүтээхэд ч бас. Хэдийгээр эрчүүд өөрсдийгөө эмэгтэйчүүдээс илүү ухаалаг гэж үздэг ч үнэндээ тийм биш юм. Харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүдийн сэтгэхүй илүү олон талтай, ойлголт нь төвөгтэй, өөрөөр хэлбэл аналитик байдал, зөн совингоо нэгтгэдэг. Энэ нь эмэгтэйчүүдийг илүү уян хатан, дасан зохицох чадвартай болгодог. Эмэгтэй хүн эрэгтэйчүүдийг ойлгож сурахаас гадна өөрийгөө ойлгох боломжийг тэдэнд олгох ёстой. Олон эмэгтэй жинхэнэ эр хүн заавал баатар байх ёстой гэж итгэдэг. Тэдний үзэж буйгаар тухайн эмэгтэйг сул дорой амьтан гэдгийг мэдэж, түүнийг амьд хүлээж байгаа бүх зовлон зүдгүүр, гай гамшгаас хамгаалахын тулд бүх талаар анхаарал халамж тавих ёстой. Гэтэл бодот байдал өөр байх магадлалтай. Миний бодлоор эрэгтэйчүүдийн баг дээр, эрэгтэй хамт ажиллагсдынхаа нүдэн дээр бүрэн ажилтан, мэргэжилтэн болохоор шийдсэнээр та бусдын адил хатуу шаардлагад нийцсэн багийн тоглогч болдог. Эдгээр нь таны тоглох гэж буй тоглоомын нөхцөл. Сонголт үргэлж биднийх байдаг. Эмэгтэй хүн гээд алдаа, бүтэлгүйтлийг нь уучлахгүй. Тэр тусмаа цэргийн сургуульд. Би сургууль дээрээ хамт сурдаг эрчүүдийнхээ адил мөрдөс зүүж, дүрэмт хувцас өмссөн энгийн л сонсогч байсан. Энэхүү энгийн зохицуулалтыг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй эмэгтэй хүн ялагдах болно. Ийм зүйл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрэгтэй баг дахь ажлын сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй гэж л боддог доо.
-Багш нар чинь ганц эмэгтэй оюутнаа харж үздэг байсан уу? Ер нь тэд танд хэрхэн ханддаг байв?
-Дүн гаргахад олон улсын жишгээр жендэрийн асуудал нөлөөлдөг байсан цаг үе аль хэдийнэ ард хоцорсон. Манай сургууль ОХУ-даа сургалтын орчин болон чанарын хувьд маш дээгүүр үнэлэгддэг эрэгтэй, эмэгтэй сонгогчдодоо яг адилхан тэгш харьцдаг. Өөрөөр хэлбэл илүү хөдөлмөрлөсөн нь л илүү дүн авдаг байсан даа. Харилцааны хувьд мэдээж тааламжтай. Бид улсынхаа нэр хүндийг хүний нутагт өндөрт өргөж явах үүрэг хүлээсэн учраас ямагт нэрээ хичээж, зөв хүн байхыг эрмэлздэг байсан. -Таны хамгийн дотно бас хайртай багш гэвэл...
-Ямар нэг зүйл зааж өгсөн олон хүнээс хэн нэгийг нь онцлох надад хэцүү байдаг. Учир нь тэд бүгдээрээ өөр өөрийн онцлогтой, гайхалтай багш нар байсан. Нэг нь заах арга барилаараа ялгарч, нөгөө нь яриа хөөрөөгөөрөө, гурав дахь нь хувь хүнийхээ онцлогоор маш сонирхолтой байдаг.
Миний хувьд хамгийн хайртай багш маань сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Распопин Евгений Владимирович гэдэг гайхалтай хүн. Лев Толстойн хэлсэнтэй яг адилхан өөрөөр хэлбэл харилцдаг, хамгаалдаг, хүмүүжүүлдэг, хүндэлдэг нэгэн байсан болохоор миний хувьд хамгийн нандин, хүндэтгэл хүлээсэн юм даа. Нэрт зохиолч Лев Николаевич Толстой "Хэрэв багш нь зөвхөн ажилдаа л хайртай бол сайн багш байх болно. Харин сурагчдаа зөвхөн аав, ээж шиг нь хайрладаг аваас тэр бүх номыг уншсан хэрнээ ажилдаа ч, оюутнууддаа ч хайргүй багшаас илүү сайн байх болно. Хэрэв багш ажил хөдөлмөр, оюутнуудаа хайрлах хайрыг хослуулдаг бол төгс багш юм" гэж хэлсэн байдаг.
-Сурах хугацаандаа Монголд ирдэг байсан уу?
-Ирэлгүй яах вэ. Өвөл болон зуны амралтаар 25 хоног Монголдоо амраад буцдаг байлаа.
-Багш нартаа юу аваачдаг байв?
-Монгол улс маань хэчнээн баян орон билээ дээ. Бахархах зүйл ч их болохоор түүх соёл, өв уламжлалаа сурталчилсан маш олон зүйл сонирхуулж байсаан.
-Сургуулийнхаа талаар яриач. Хэдэн багш, оюутантай байв?
-ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Уралын хуулийн дээд сургууль нь Екатеринбург хотод байрладагОХУ-ын Дотоод хэргийн яамны дээд боловсролын байгууллага юм. Дотоод хэргийн байгууллагуудад мэргэжилтэн бэлтгэж төгсгөдөг манай сургууль боловсролын хэлтэс, боловсон хүчний алба, зохион байгуулалт, шинжлэх ухааны хэлтэс, редактор, хэвлэлийн хэлтэс, туслах хэсэг, номын сангаас бүрддэг. Мөн Мөрдөн байцаах ажиллагааны, Цагдаагийн сургалтын, Зуны сургалт, давтан сургалт, ахисан шатны гэсэн гурван факультэттэй, Захиргааны эрх зүй, Дотоод хэргийн байгууллагуудын захиргааны үйл ажиллагаа, Иргэний эрх зүйн салбар, Гадаад хэл, Шүүхийн шинжилгээний газар, Криминалистик ба эрүүгийн эрх зүй, Ерөнхий сэтгэл судлал, Хүмүүнлэг, Тактикын болон тусгай сургалтын алба,Эрүүгийн эрх зүйн гэх зэрэг 17 тэнхимтэй. Нийт 1200-гаад сонсогч, 300 гаруй багштай.
-Та дипломын ажил хамгаалсан уу ?
-Тийм ээ. Дипломын ажил бичнэ гэдэг таван жил сурч боловсрох явцдаа ямар мэдлэг олж авснаа шалгуулах бяцхан процесс шүү дээ. Би Ерөнхий сэтгэл судлал, хүмүүнлэгийн тэнхимдээ "Монгол улсын хууль сахиулах байгууллагын ажилчид, алба хаагчдын болон хоригдлуудын түрэмгий байдлын харьцуулсан шинжилгээ" сэдвээр дипломын ажил бичиж, онц дүнтэй хамгаалсан.
-Хамгийн дуртай хичээл тань...
-Чадвар болон мэдлэгийн хувьд маш сайн багш нар ордог байсан учраас бүх л хичээл сонирхолтой санагддаг байлаа. Гэхдээ Эрх зүйн сэтгэл судлалд илүү дуртай байсан. Учир нь энэ шинжлэх ухаан сэтгэл зүйн салбарын томоохон хэсэг бөгөөд түүний сэдэв хуультай холбоотой үйл ажиллагааны сэтгэл зүйн шинж чанаруудыг судлахад оршдог. Жишээ нь шударга ёсыг хэрэгжүүлэх(эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын зан байдал), хууль ёсны ба хууль бус зан байдал(эрүүгийн хуулийн шинж чанар, эрүүгийн зан үйлийн шинж чанар) гэх мэт.
-Магистрын зэрэг хамгаалах уу?
-Боловсролын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны долдугаар сарын 1-ний өдөр байгуулсан "Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх" тухай Монгол улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн долдугаар зүйлийг үндэслэн тушаалын дагуу ОХУ-д тав ба түүнээс дээш жил суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд мэргэжлийн боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэх шийдвэрийн дагуу магистр цолныхоо бүрэн эрхийг хамгаалаад ирсэн.
-Ингэхэд та шалгалтандаа унаж байв уу?
-Манайх цэргийн сургууль учраас энэ тал дээр хатуу чанга гэж хэлж болно. Дотоод журманд заасны дагуу гурав буюу түүнээс дээш эрдмийн мэргэжлийн шалгалтанд унасан тохиолдолд дахин өгөх боломжгүй. Шууд л сургуулиас хөөдөг. Миний хувьд суралцах хугацаандаа шалгалтанд унаж үзээгүй ээ.
-Орос орон, оросуудын талаар таны бодол...
-Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч орны сонирхол татахуйц хотууд, үзэсгэлэнт байгаль, өвөрмөц өв соёлыг судлан амьдралынхаа зургаан жилийг энэ улсад өнгөрөөсөндөө маш их талархалтай байдаг шүү. Зарим хүн ургамалд татагддаг эсвэл хоол хийх дуртай байдаг шиг би ч бас ерөнхийдөө хөгжимд дуртай гэж хэлж болно. Гэхдээ би бүх хөгжимд хайртай гэж хэлж чадахгүй. Орос хүмүүсийн тухай миний бодол ч бас адилхан. Түүний сайхан тал нь хүмүүс хайрын тухай ярьж, хайрлахдаа ихэвчлэн тэдний хайр дурлалын дүр толгойд нь аль хэдийнэ төсөөлөгдсөн байдаг. Бидний үнэхээр сайхан гэж боддог зүйлд муухай үргэлж багтдаг шиг жинхэнэ хайр бас сөрөг талтай гэж би боддог. Бидний хайрладаг зүйл үргэлж алдаатай байдаг нь хүмүүсийн хувьд ч мөн адил. Аливаа зүйлийг өө сэвгүйгээр хайрлаж чадахгүй. Учир нь өө сэвгүй зүйл бол хүнлэг бус, хиймэл зүйл шүү дээ. Оросуудын хувьд тэд энгийн амьдралд бас жүжиглэлтгүй амьд зүйлсэд дуртай. Тэдний хувьд хоол хүнс, мөнгө төгрөг, амралт зугаалга бол үнэт зүйл биш хэрэгцээ. Ном, театр, хөгжим, ой модоор зугаалах, мөөг түүнгээ аялах, гэр бүлийн эв нэгдэл, зочломтгой байдал гэх мэт зүйлийг оросууд илүүд үздэг нь соёл бол зөвхөн баячуудын өмч биш гэдгийг илтгэдэг.
-Нууц биш бол ангийнхнаас чинь танд дурласан тохиолдол бий юу?
-Байхгүй ээ.
-Ингэхэд та яагаад цэргийн мэргэжил сонгов? Чухам юу нь ингэтлээ татсан хэрэг вэ?
-Мэргэжлийг "эрэгтэй", "эмэгтэй" гэж хуваах нь нийгэмд хадгалагдсаар байгаа нь нууц биш. Нарийн бичгийн дарга, боловсон хүчний хэлтсийн ажилтан, багш, эм зүйч, сувилагч, худалдагч, нягтлан бодогчийн ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд гүйцэтгэдэг гэж нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Жолооч, инженер, барилгачин, ачигч, аврагчийн мэргэжлийг эрэгтэйд тооцдог. Гэвч орчин үеийн ертөнцөд бүх зүйл өөрчлөгдөж, хэвшмэл ойлголт, амьдралын тухай эртний үзэл бодол алга болж байна. Цэрэг, цагдаагийн сургууль гэхээр толгойд нь шууд л өндөр нуруутай, хамгаалагч шиг том биетэй, хурдан шаламгай дүр төрхтэй эрэгтэй хүн орж ирдэг байх л даа. Гэхдээ манай улсад төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын эгнээнд зоригтой, хүчирхэг эрчүүдтэй олон эмэгтэй мөр зэрэгцэн ажилладаг бөгөөд тэд "эрсдэлтэй нөхцөл байдал"-д хэзээ ч айдаггүй, зүтгэсээр байдаг. Би дунд сургуульд байхаасаа л энэ тухай судалж, маш их бахархдаг байсан. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагад ажиллана гэдэг ч амаргүй даваа л даа. Цаг агаарын ямар ч нөхцөлд газар дээр нь очиж шөнийн ээлжинд ажиллах тохиолдлууд, эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн мэдлэг, хэрэглээ, галт зэвсэгтэй харьцах чадвар, бие бялдрын чийрэгжилт зэрэг олон зүйл шаардлагатай. Үүнийг даваад гарах хүч надад үргэлж байдаг юм шиг санагддаг. Энэ мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол аав, ээж хоёр маань. Тэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагад насаараа ажилласан бахархмаар улс. Намайг "Цэргийн сургуульд орно" гэхэд тэд маш их шоконд орж байсан(инээлээ). Багаасаа л сэргэлэн хүүхэд байсан болохоор минь "Сэтгүүлч юм уу жүжигчин болно" гэдэг байж билээ.
Хамгийн тохиромжтой мэргэжлээ хэрхэн сонгох вэ? Энэ нь зөвхөн надад төдийгүй миний эргэн тойронд байгаа хүмүүст тааламжтай байхын тулд би ямар сонголт хийх ёстой вэ? Энэ хоёр үндсэн хоёр асуултын хариуг хайж би дараах дүгнэлтэд хүрсэн. Нэгд, сонгосон мэргэжил минь надад таалагдах ёстой. Эцсийн эцэст "буруу" мэргэжил сонгох нь бидэнд сэтгэл ханамж авчрахгүй бизнест өөрсдийгөө бүх насаараа оруулж, аюулд унагахтай л адил. Дуртай ажил бол ядрахаа мэдрэлгүйгээр, үүнд зарцуулсан цаг хугацаагаа анзааралгүйгээр хийдэг зүйл юм. Хоёрт, өөрийнхөө сэтгэл зүйн шинж, зан чанар, темпераментийн төрлийг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ нь холерик хүн өдөржингөө оффис дээрээ суугаад нэг хэвийн ажил хийх, меланхолик хүн олон нийтийн өмнө үг хэлэх нь хэцүү шүү дээ. Тиймээс мэргэжил нь бидний темпераменттэй тохирч байх ёстой. Гуравт, дуртай мэргэжил минь зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдрах, тэдэнд урам зориг өгөх, тэдний аюулгүй байдлыг хамгаалахад оршдог нь маш их нөлөөлсөн.
-Кроссонд гүйх, савлуурт дасгал хийх, турник дээр суниахад эрчүүдийн нормативээр шалгуулдаг байсан уу?
-Цэргийн сургуулийн сонсогчдын бие бялдрын байдлыг шалгах, үнэлэхэд тавигдах шаардлага гэж бий. Сургуулийн удирдлагаас сонсогчдын болон албан хаагчдын бие бялдрын бэлтгэл, цэргийн командлал, төрийн тусгай чиг үүрэг бүхий анги байгууллагуудын бие бялдрын байдлын төвшинг системтэйгээр шалгаж, дүн шинжилгээ хийдэг бөгөөд бие бялдрын чийрэгжилтийг үнэлэх хүснэгтийн дагуу дасгал бүрийн хамгийн бага босго төвшний биелэлтийг харгалзан, биеийн тамирын дасгал хийхэд зориулж авсан онооны нийлбэрээр тодорхойлогддог. Мэдээж эмэгтэй сонсогчдод зориулсан норматив бий. Үүнд 100 метр гүйх, 5 км гүйх, суниах, гэдэс татах гэх мэт.
-Шантарч халширмаар үе тохиолдож байсан уу?
-Хүн болгонд тийм үе байдаг. Надад ч мөн адил. Эхний оролдлогоор шууд амжилтанд хүрдэггүй биз дээ? Тийм азтай хүмүүс байдаг л байх, гэхдээ цөөхөн. Илүү их хичээх тусам зорилгодоо хүрэх магадлал их. Хэрэв бууж өгвөл бид алдаанаасаа суралцахад бэлэн биш байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл чадвар, давуу талдаа итгэхээ больж ялагдахаар хоцорно. Бодоод үз л дээ, алдаа гаргахгүйн тулд, илүү их хүчин чармайлт гаргахгүйн тулд үргэлжлүүлэн тэмцэхийн оронд хүслээ орхих нь зөв үү? Зорилгоос нүдээ салгалгүйгээр урагшаа тэмүүл. Энэ зам хэцүү байсан ч, хүнд хэцүү нөхцөлд ч урам зоригтой бай. Үр дүн нь үнэ цэнтэй юм.
-Цэрэг, цагдаагийн сургуульд орох гэж байгаа охидод хандаж юу хэлэх вэ?
-Өнөөдөр хуулийн болон цэргийн сургуулиуд оюутан, сонсогчдын эгнээнд охидыг элсүүлж байгаа нь сайшаалтай. Үүний зэрэгцээ охидод тавих шаардлагыг бууруулдаггүй. Бид эрчүүдтэй хамт тангараг өргөхөөсөө өмнө хээрийн гаралтанд гардаг, дамжаанд суудаг, бас мэргэжлээрээ бүх салбарыг судалдаг, буудлага тактикын бэлтгэл хийж, өөрийгөө хамгаалах болон буудлагын техникт суралцдаг. Цагдаагийн болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын гол үүрэг нь дэг журам сахиулж, хууль дүрэм сахидаг иргэдийг зөрчигчдөөс хамгаалах юм. Үүнийг л ойлгож, ухамсарлаж буй охидод цэргийн сургуульд орж суралцах боломж байдаг. Эцэст нь хэлэхэд Сонсогч байна гэдэг бахархал, Офицер болно гэдэг нэр төрийн хэрэг юм шүү.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ