Энэтхэг дайны бэлэн байдлаа хангаж байна
Энэтхэгийн Засгийн газар дайн дэгдсэн тохиолдолд 15 хоног байлдахад шаардлагатай зэвсэг, галт хэрэгслийн нөөцөө нэмэхийг зэвсэгт хүчиндээ зөвшөөрсөн тухай “Times of India” сонинд бичжээ.
Ладакс бүс нутгийн зүүн хэсэгт Хятадын цэргийн сөргөлдөөн гарвал Энэтхэгийн арми Хятад, Пакистан гэсэн хоёр фронтоор эрчимтэй байлдахад шаардлагатай нөөц зэвсгийг гадаадад болон дотоодод үйлдвэрлэснийг худалдан авах замаар бүрдүүлэх аж.
Урьд нь тус улсын зэвсэгт хүчин 40 хоног байлдахад бэлэн байх ёстой гэдэг байжээ. Зэвсэг хадгалах болон шинэ техникийн тактиктай холбоотой хүндрэлийн улмаас эл хоногийн тоо цөөрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Энэтхэгийн арми хэдийн их хэмжээний пуужин, танк, их бууны сум худалдан авсан аж. Үүнд 67.8 сая ам.доллар зориулсан гэнэ.
Энэтхэг, Хятадын хилийн Ладакх бүс нутгийн зүүн хэсгийн байдал өнгөрсөн тав, зургадугаар сард тус хоёр орны цэргийн мөргөлдөөн болсноос хойш хурцадсан юм. Тэр үед Энэтхэгийн 20, Хятадын 45 цэрэг амь үрэгдсэн билээ. Үүний дараа Шинэ-Дели болон Бээжин тус бүс нутаг дахь бие бүрэлдэхүүнээ зузаатгасан. Одоо Ладакхад Энэтхэгийн 50 мянга, Хятадын мөн төдий тооны цэрэг байрлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ