Өнөөдөр Нобелийн шагнал гардуулдаг өдөр
1901 оны 12-р сарын 10-нд анхны Нобелийн шагналыг гардуулсан бөгөөд энэ нь Альфред Нобель 1896 оны 12-р сарын 10-нд Сан-Ремод нас барсны 5 жилийн ой дээр болсон үйл явдал юм.
Альфред Бернхард Нобель нь Шведийн химич, инженер, зохион бүтээгч, бизнесмэн, сайн санааны зүтгэлтэн нэгэн байсан бөгөөд динамитийн нээлтээрээ ихэд алдаршсан. Тэрээр өөрийн Bofors компанийхаа хүрээнд эхлээд ган, төмөр үйлдвэрлэж байсан бол сүүлдээ их буу болон бусад зэвсгийн томоохон үйлдвэрлэгч болсон юм. Түүнийг хүмүүсийг олноор алах зэвсгийн борлуулалтаас их ашиг олсон хэмээн шүүмжилж байгааг уншсан нь тэрээр өөрийн бүх хөрөнгийг Нобелийн шагнал олгоход зориулан гэрээслэн үлдээхэд нөлөөлсөн гэж үздэг.
Тэрээр 1895 оны 11-р сарын 27-нд Парис хотын Швед-Норвегийн клубд гэрээслэлдээ гарын үсэг зурсан бөгөөд гэрээслэл ёсоор түүний хөрөнгийн дийлэнхи хэсгийг шагнал гардуулах сангийн эхлэл болгосон бөгөөд жил бүр тухайн хүний иргэний харьяалалыг харгалзалгүй олгож байхаар шийдсэн. Гэрээслэл ёсоор эхний таван номинаци нь Физик, Хими, Физиологи эсвэл Анагаах Ухаан, Уран Зохиол, Энхтайваны салбарууд байлаа. Нобелийн шагнал нь эдгээр салбаруудын хамгийн нэр хүндтэй шагнал хэвээр байсааар байна.
Нобелийн шагналд үлдээсэн өв хөрөнгө нь түүний нийт хөрөнгийн 94% бөгөөд тухайн үедээ 31,225,000 Швед короно буюу 2012 оны инфляц тооцсон ханшаар 472 сая доллартай тэнцэх хөрөнгө байв.
Гэрээслэлд нарийвчлан зааснаар Энхтайваны шагналыг үндэстэн хоорондын энх тайвныг бэхжүүлэх, байнгын армийн тоог бууруулах, энх тайвны конгрессийг сурталчлах, байгуулах ажлыг хамгийн сайн хийсэн, хийхийг хичээсэн нэгэнд олгох ёстой.
1968 онд Эдийн Засгийн шинжлэх ухааны гавьяатныг шагнах зургаа дахь шагнал орж ирсэн. Гэвч үүнийг Нобелийн шагналд оруулдаггүй бөгөөд “Нобелийн дурсгалын шагнал” гэж үздэг.
Энхтайваны шагналаас бусад салбарын шагналуудыг жил бүрийн 12-р сарын 10-нд Шведийн Стокгольм хотод гардуулдаг бөгөөд шагнал авагчдын лекцийг ёслолын өмнөх өдрүүдэд зохион байгуулдаг. Харин Энхтайваны шагналыг гардуулах болон түүний лекцийг сонсох ёслол Норвегийн Осло хотноо ихэвчлэн 12-р сарын 10-ны өдөр болдог.
Шагнал гардуулах ёслол болон цайллага нь олон улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг. Шведд олгодог шагналуудыг Стокгольмын концертийн их танхимд гардуулдаг бөгөөд Нобелийн цайллага нь тэр даруй Стокгольм хотын захиргааны байранд болдог байна. Харин Энхтайваны шагналын ёслол 1905-1946 он хүртэл Норвегийн Нобелийн хүрээлэнд, 1947-1989 онд Ослогийн их сугуулийн байранд зохион байгуулагдаж байгаад 1990 оноос Осло хотын захиргааны танхимд зохион байгуулагдах болжээ.
Шагнал хүлээн авагч бүрд алтан медаль, диплом, мөнгөн шагнал олгогдоно. 2020 онд Нобелийн шагналыг дагалдах мөнгөн шагналын хэмжээ 10 сая Швед крон байна. Энэ нь 1,145,000 доллар, 968,000 евро, 880,000 фунттэй тэнцэнэ. Шагналуудыг гурваас дээш хүнд хуваан олгодоггүй, Энхтайваны шагналыг байгууллагад олгож болдог ч мөн л гурваас дээш хүнд хуваан олгохыг зөвшөөрдөггүй. Хэдийгээр Нобелийн шагналыг нас барсан хүнд нөхөн олгодоггүй боловч тухайн хүн шагнал авахаар сонгогдсоныхоо дараа нас барсан тохиолдолд нөхөн олгодог.
1901 оноос хойш олгосон Нобелийн шагналууд, 1969 оноос олгох болсон “Нобелийн дурсгалын шагнал”-ыг нийт 603 удаа олгосон ба 25 байгуулллага, 962 хүн уг шагналын эзэн болоод байна.
Ноён Нобелийн нэрийг 20-р зууны сүүлийн хагаст нээгдсэн нийлэг химийн элементийн нэрэнд өгч /Нобелиум/ мөнхөлсөн бол түүний байгуулсан компаниудын үргэлжлэл болсон Dynamit Nobel, AkzoNobel зэрэг компаниудад нэр нь хадгалагдсаар байна.
Дэлхийн улс орнууд хичнээн нобелийн шагналтайг илэрхийлдэг зураг. Саарлууд ерөөсөө ч аваагүй орнууд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ