​Өмнөд Солонгост "Covid-19" халдвар эрчимжиж, Сөүл хотод хорио цээрийн дэглэмийг чангарууллаа

   Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдсэн тул нийслэл Сөүл хот болон түүний орчимд хорио цээрийн дэглэмийг чангаруулах болсныг засгийн газар нь ням гарагт зарлажээ. Бямба гарагт тус улсад халдварын 631 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал анх эхэлж байсан хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхэн үеэс хойших нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.  Нийтдээ Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 37,545 тохиолдол бүртгэгдэж, 545 хүн нас баржээ. Нэг өдөрт дунджаар 100 орчим тохиолдол бүртгэгддэг байснаа сүүлийн нэг сарын хугацаанд огцом нэмэгдсэнээр өнөөдөр эмчлүүлж буй хүний тоо 7,873 хүрсэн нь эмнэлгүүдийн орны багтаамжаас хэтэрсэн байна. Одоогоор шинэ орнууд нэмж дэлгээд ажиллаж байгаа ба хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл орны хомсдолд орж болзошгүйг эрүүл мэндийн яамны ажилтан Пак Нюн Хо өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.  Шинэ халдварын тохиолдлуудын ихэнх нь нийслэл Сөүл хот болон түүний ойр орчмоос илэрч буй тул Мягмар гарагаас эхлэн хорио цээрийн дэглэмийг чангаруулахаар болсон байна. Бямба гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд ихэнх газруудын үйл ажиллагааг оройн 9:00 цагаас эхлэн зогсоож, нийтийн тээврийг оройн цагаар 30 хувь бууруулах болсон нь урьд өмнө авч хэрэгжүүлж байгаагүй хөл хорионы арга хэмжээ болжээ. Мягмар гарагаас эхлэн Сөүл орчимд 50-аас дээш хүн цугларахыг хориглож, фитнес клуб, караоке бааруудыг хааж, шашны үйл ажиллагаануудыг зөвхөн онлайнаар эсвэл телевизээр явуулах болсон байна. Мөн сургуулийн анги танхимд хичээллэх хүүхдийн тоонд хязгаар тогтоохоор болжээ.  Ресторан, зоогийн газруудыг нээлттэй хэвээр үлдээж байгаа ч аль болох гэртээ хооллож байхыг засгийн газар нь иргэдэд уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ