“Корона сэтгэл зүй” ба тахлын үеийн цуурхалууд
Хүн, амтан мэдэхгүй юмнаасаа айдаг ч айхын хажуугаар илүү сонирхдог сонин зүй тогтол бий. Шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн цар тахал энэ утгаараа хүмүүсийг айлгахын зэрэгцээ сонирхлыг нь татаж буй. Энэ сонирхол дээр нь тоглож ашиг хожоо олох гэсэн санаархал улс төр, эдийн засаг гээд нийгмийн бараг бүх салбарт гарч, тодорхой жишээ татвал цаг, цаас хүрэхгүй баримтууд өнгөрсөн ганцхан жилийн дотор бий болжээ. Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг “ковид19” өвчний тухай мэдлэг ч чамгүй зузаарч байна. Гэсэн ч иргэдийн дунд буруу ойлголт байсаар байгаа юм. Бид энэ удаа коронавирусний талаар бий болсон ойлголтуудаас худал хуурмагийг нь ялгаж цэгцлэх мэдээллийг ялган уншигч та бүхэндээ хүргэж байна.
Коронавирус, ковид 19 ямар ялгаатай вэ
Коронавирусийн халдвар, Ковид19 гэж хоёр янзаар нэрлэж байгаагийн учрыг товч тайлбарлавал, коронавирус нь өвчинг үүсгэгч, Ковид19 гэдэг нь уг вирусийн нөлөөгөөр үүсдэг өвчний нэршил юм (CоronaVIrus Disease 2019 товчлол).
Ковид 19 цар тахал мөн үү
"Ковид19" өвчнийг цар тахал биш гэсэн цуурхал өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр түгээмэл байсан бөгөөд АНУ, Европын улсууд мөн ийм ойлголттой байсан. Энэ байдал одоо өөрчлөгдсөн ч зарим хүмүүс одоо болтол суртал ухуулга хийж байгаа нь цар тахал хэмээх нэр томъёоны учир, зорилгыг сайн мэддэггүзйтэй холбоотой байж болох юм.
ДЭМБ энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр коронавирсын халдварын тархалтыг тахал /эпидемия/-ын түвшнээс хальж, цар тахал /Пандемия/-ын хэмжээнд хүрснийг зарласан.
ДЭМБ “Цар тахал” гэж зарласнаар тахал үүсгэж буй өвчний шинж, түүний эсрэг авах арга хэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд харин өвчний хамрах газар зүйн хүрээ тэлснийг хэлж байгаа нэр томьёо юм.
Өөрөөр хэлбэл COVID-19 өвчин болон түүний эсрэг авах арга хэмжээний заавар өөрчлөгдөөгүй харин илүү өргөн бүс нутгийг хамарч илүү олон хүнд халдварлан өвчлүүлж байгаа, түүнчлэн цаашид өмнөхөөсөө илүү том бүс нутагт, илүү олон хүнийг эрсдэлд оруулж байна гэж ойлговол зохино. Нэг ёсондоо ДЭМБ нөхцөөл байдлыг урьдчилан харах, сэрэмжлүүлэх үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.
ДЭМБ ковид19 өвчнийг “Цар тахал” гэж зарлах үед 118 000 хүн өвчилж, 4000 хүн нас бараад байсан гэхээр ДЭМБ-ын анхааруулга зөв байсан. Цар тахал эрчаа авсны дараа олон улс ДЭМБ-ын харинч хэт хожимдож зарласан хэмээн буртуугасныг уншигчид санаж байгаа биз ээ.
Ковид19 хөгшчүүдэд л аюултай юу
Ковид19 өвчин хөгшин настай хүмүүст илүү хүнд тусдаг болохоос залууст ч адилхан аюултай. Тиймээс анхаарал сулруулах, өвчнийг ханиад мэтээр ойлгох нь маш буруу юм.
Цар тахлын нэгдүгээр давалгаанд хамгийн хүндээр нэрвэгдсэн улсуудын нэг болох Италийн нөцөл байдлаар жишээ татья. Гуравдугаар сард 15 000, дөрөвдүгээр сард 2.5 мянган хүн нас барсан. Оршуулах газар хүрэлцээгүйгээс Бергамо хотод цэргийнхэн орж ирж, цогцоснуудыг бөөнөөр нь оршуулж байжээ. Италийн EpiCentro байгууллагын хөтөлсөн судалгаагаар, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 60-69 насны хүмүүсийн 99.2, 49 хүртэлх наснхны 82 хувь нь нас баржээ. Эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэтэрснээс болж олон хүн наад захын тусламж үйлчилгээ авч чадалгүй, тэр бүү хэл оношлуулж ч чадалгүй нас барцгаасан байдаг.
Цогцосноос ч тахал дамжих эрсдэлтэй байсан тул төрөл төрөгсдийг нь талийгаачтай салах ёс хийлгэх боломж өгөлгүй шууд оршуулж байв. Итали улс ердийн байдлаар бол таван жилд нас барах хэмжээний хүнээ цар тахлаар алдсан юм.
Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 40-өөс доош насныхны нас баралт 0.1 хувьтай, 80-аас дээш насныханд 5 хувьтай байжээ.
“Ковид19”-өөр нас барсан хүний тоог тамхи, архинаас болж нас барсан хүний тоотой харьцуулах нь буруу
Зарим хүмүүс “ковид19” цар тахлаар нас барсан хүний тоог халдварт бус өвчнөөр нас барсан хүмүүсийн тоотой харьцуулж буруу ойлголт өгөх явдал байна. Жишээ нь, “Монголд цар тахлаар 700 гаруй хүн өвчилсөн байхад нэг ч хүн нас барсангүй“ гэх мэт. Ийм харьцуулалт нь маш буруу юм.
Дархлаажуулалт, хөл хорио гэх мэт хамгаалалт хийгээгүй нөхцөлд коронавирус нь хүн амын дунд хяналтгүй тархаж бүх хүнд халдах боломжтой. Дэлхийн бүх хүнд халдлаа гэж бодоход 200 сая хүн нас барах болно. Ковид19 шинэ өвччин, эмгэг жам үр урхаг нь одоогоор тодорхойгүй байгаа нь аюулыг улам ихэсгэж байгаа юм. Гэтэл архи, тамхи нь хэрэглэдэггүй хүндээ бол огт аюулгүй билээ.
Нас залуу байх нь хангалттай гэж үү
Дээр өгүүлсэнчлэн, нас бралтын хувь ахмад настнуудын дунд илүү өндөр байгаа ч халдварласан тоогоор дунд насныхан харьцангуй их байгаа тул аль ч насны бүлэгт үхлийн тоо ерөнхийдөө ижил байна. Узбекистанд өнгөрсөн есдүгээр сарын 6-нд хийгдсэн нэг судалгааг танилцуулья.
Халдвар авсан хүний насны бүлэг, нийт халдвартай хүний тоонд эзлэх хувь
0−9 нас — 1956 хүн (4,5%);
10−19 нас — 2 652 (6,1%);
20−29 нас — 10 304 (23,7%);
30−39 нас — 12 173 (28%);
40−49 нас — 7 521(17,3%);
50−59 нас — 5 347 (12,3%);
60−69 нас — 2 565 (5,9%);
70−79 нас — 739 (1,7%);
80-аас дээш нас — 219 (0,5%)
Нас барагсдын насны бүлэг, тоо, нийт нас баралтад эзлэх хувь
0−30 нас — 6 (1,7%);
30−40 нас — 26 (7,5%);
40−50 нас — 45 (13%);
50−60 нас — 99 (28,7%);
60−70 нас — 106 (30,7%);
70-аас дээш — 63 (18,2%).
Эндээс харахад нас залуу байх тусам амьд үлдэх магадлал өсдөг нь харагдаж байна. Гэхдээ коронавирусийн гол шинж нь суурь өвчтэй хүмүүсийн архаг хууч өвчнийг нь сэдрээх гэдгийг мартаж болохгүй. Архаг хууч өвчтэй бол хэчнээн залуу байгаад нэмэргүй өвчнийхөө хүндрэлээр нас барах магадлал өндөр гэсэн үг. Ялангуяа уушгины асуудалтай хүмүүс “Ковид19” өвчнөөр их үхэж байгаа. Манай улсад хүн амын дунд тархсан тохиолдолд нас баралтын хувь бусад улсаас өндөр байх магадлалтай гэдгийг доктор Д.Наранбаатар анхааруулсан. Хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг, нийслэл хот нь олон жилийн турш дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлсэн зэрэг нь ийн болгоомжлоход хүргэсэн биз. Үнэндээ утаатай нийслэлд олон жил амьдарсан бидний уушиг цоо эрүүл гэх баталгааг хэн ч өгөхгүй. Тиймээс хувь хүн өөртөө арчаатай байж, ДЭМБ, ЭМЯ, УОК-оос гаргасан зөвлөмжүүдийг сайтар хэрэгжүүлэх нь вакцин гартал тэсэх хамгийн зөв зам юм.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ