ИНФОГРАФИК: КОВИД-19-ийн вакцинууд ямар ялгаатай вэ?
Дэлхий даяар шилдэг эрдэмтэд, эмийн салбарын үйлдвэр, компаниуд вакцин бүтээхээр уралдаж байна. Энэ үед тэдгээр вакцинууд хоорондоо ямар ялгаатай болоод аль нь ямар шатандаа яваа талаарх мэдээллийг газрын зураг, хүснэгт ашиглан хүргэж байна.
Гуравдугаар сараас хойш хүн төрөлхтнийг хөл хорионд оруулсан цар тахлын эсрэг вакциныг хийхийн тулд хэд хэдэн эмийн үйлдвэр өөр өөр замыг сонгожээ.
Жон Хопкинсын их сургуулийн коронавирус судлалын төвийн мэдээлснээр одоогоор дэлхий даяар 63 сая хүн халдвар авч 1,4 сая хүн нас бараад байна.
Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хямрах эрсдэлд орж олон сая хүн гэрээсээ ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр зайнаас суралцах боломжгүй 463 сая хүүхэд байгаа нь вакцин яаралтай хэрэгтэйг илтгэж байгаа юм.
РНХ (Рибонуклейн хүчил): РНХ бол хүний амьдралын хэрэгцээнд нэн чухал макромолекулуудын /Макромолекул гэдэг нь уураг, нүүрс ус, липид зэргийг агуулдаг том молекул/ нэг юм. РНХ-ийн вакцин нь өвчний өвөрмөц антигенээр кодлогдсон системд нэг судалтай РНХ-ийн молекулын дарааллыг /эсүүд юу хийхийг зааварчилдаг молекул/ тарьдаг.
ДНХ (Дезоксирибонуклейн хүчил): ДНХ нь хүний амьдралын хэрэгцээнд нэн чухал макромолекул юм. ДНХ-ийн вакцин нь бактерийн эсэд байдаг давхар судалтай молекул болох плазмидын зохих эдэд шууд тарилга хийдэг.
Вирусийн вектор: Энэхүү вакцин нь ДНХ-ийг хүний эс рүү дамжуулахдаа амьд вирус ашигладаг. Энэ нь эмчилгээний зорилгоор эсвэл зарим төрлийн эд, эсийн тодорхой нэг хэсгийг өөрчлөх зорилгоор ген дамжуулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.
Уургийн дэд хэсэг: Вирусийн нэг хэсэг буюу уургийн бүрэлдэхүүн хэсгийг ашиглаж вакцин бүтээх арга. Ийм вакцин нь хүний дархлааны системд хор учруулдаггүй тул дархлаа суларсан болон архаг өвчтэй хүмүүст тарьж болдог давуу талтай.
Идэвхгүйжүүлсэн вирус: Энэ төрлийн вакциныг хийхэд идэвхгүй болгосон ч өвчин үүсгэх чадвартай вирусийг ашигладаг. Сул тал нь дархлаа удаан тогтдоггүй. Тиймээс дархлааг дэмжихийн тулд дараа нь нэмэлт тарилга хийдэг.
Вирустэй төстэй бөөм: Энэхүү вакцин нь вирусийг дууриалгасан ч халдвар үүсгэж чаддаггүй молекулыг ашигладаг. Энэ нь хумхаа, гепатит болон умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийн эсрэг вакцин хийх үр дүнтэй арга юм.
ВАКЦИНЫ ТУРШИЛТЫГ ХИЙЖ БУЙ ОРНУУД
Лондонгийн эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн мэдээлснээр дэлхий даяар 11 өөр төрлийн вакциныг хүн дээр туршиж эхэлсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр КОВИД-19-ийн 150 гаруй вакцин боловсруулалтын шатандаа явж буй. Зарим вакцин нь хүн дээр турших гуравдугаар шатыг давж худалдаанд гарахад ойртоод байгаа юм.
ДЭМБ-ын ахлах эрдэмтэн, доктор Соумя Сваминатаны хэлснээр туршилтын эхний шатанд аюулгүй байдлыг бодолцон 30-50 хүн дээр туршилт хийдэг байна.
Тэгвэл хоёрдугаар шатанд вакцины дархлаа үүсгэх чадвар, дархлааны хариу урвалыг судлах томоохон туршилт хийгддэг. Харин гуравдугаар шат хэдэн арван мянган хүнийг хамардаг ба вакцины үр нөлөө, халдвараас хамгаалж байгаа байдал болон халдварлах магадлалыг нь тооцдог.
Хятад болон ОХУ-д гарсан вакциныг туршилтын гуравдугаар шатанд нь орохоос өмнө зарласан гэж AlJazeera мэдээлсэн.
ASTRAZENECA-OXFORD: Их Британийн AstraZeneca эмийн үйлдвэр болон Оксфордын их сургуулийн хамтарсан вакцины туршилт
CANSINO BIOLOGICS: Хятадын CanSino Biologics компанийн вакцины туршилт
GAMALEYA RESEARCH INSTITUTE: ОХУ-ын Гамалеягийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцины туршилт /Тус хүрээлэн Sputnik V вакциныг бүтээсэн/
INOVIO-CEPI: АНУ-ын биотехнологийн Inovio компани болон олон улсын Тархалтын бэлэн байдалд шинийг санаачлах эвсэл/CEPI/-ийн хамтарсан вакцины туршилт
JOHNSON&JOHNSON-BARDA: АНУ-ын Биоанагаахын дэвшилтэт судалгаа, хөгжлийн газар болон эм, эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэдэг Johnson and Johnson компанийн хамтарсан вакцины туршилт
MODERNA-NIAID: АНУ-ын Харшлын болон халдварт өвчний үндэсний хүрээлэн ба биотехнологийн Moderna компанийн хамтарсан вакцины туршилт /Тус вакцин 100 хувийн нөлөө үзүүлж байгаа талаар өчигдөр мэдээлсэн/
NOVAVAX: Вакцин үйлдвэрлэдэг Novavax компанийн вакцины туршилт
PFIZER-BIONTECH: Америкийн Pfizer эмийн үйлдвэр болон Германы BioNTech SE биотехнологийн компанийн хамтарсан вакцины туршилт
SINOPHARM: Хятадын Засгийн газрын Sinopharm компани болон Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хамтарсан вакцины туршилт
SINOVAC: Хятадын Sinovac Biotech компани болон Бразилын Бутантан хүрээлэнгийн хамтарсан вакцины туршилт
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА
Reuters агентлагийн мэдээлснээр дэлхийн улс орнууд 4,4 тэрбум гаруй тун вакцин захиалаад байна.
Вакцин бүтээх өрсөлдөөнөөс гадна, вакцин захиалгын өрсөлдөөн дэлхий даяар өрнөж олон тэрбум ам.долларын зах зээл эргэлдэж байгаа бөгөөд зарим компаниуд арванхоёрдугаар сарын дунд үеэс вакцинаа худалдаанд гаргаж, хүргэлт хийхээр болсон.
Вакцин худалдаалах тал дээр Pfizer вакциныг цельсийн хасах 70 хэмд хадгалдаг бол AstraZeneca-Oxford вакцин нь цельсийн 2-8 градуст хадгалах боломжтойгоогоороо давуу талтай аж.
Цар тахлын үед үнэ нэмэхгүй гэж амласан AstraZeneca компани олон улсын эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газруудтай тохиролцож, тунг нь 2,5 ам.доллараар үнэлсэн. Харин тэдний гол өрсөлдөгч Pfizer компани тунг нь 20, Moderna компани 15-25 ам.доллараар худалдах юм.
Sаnofi-GSK - Францын Sanofi эмийн үйлдвэр болон Их Британийн GlaxoSmithKline(GSK) эмийн үйлдвэрийн хамтарсан вакцин
CureVac - Германы биотехнологийн CureVac компанийн боловсруулж буй вакцин
Valneva - Францын биотехнологийн Valneva SE компанийн боловсруулж буй вакцин
Medicago - Канадын биотехнологийн Medicago Inc. компанийн боловсруулж буй вакцин
RDIF - ОХУ-ын хөрөнгө оруулалтын сангаас Sputnik V вакцин
Arcturus - АНУ-ын Arcturus Therapeutics эмийн үйлдвэрийн боловсруулж буй вакцин
Эх сурвалж: AlJazeera, Reuters, WHO gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ