С.Батбаатар: УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатартай холбогдлоо.

-Said.mn сайтын мэдээллийг үзсэн үү. Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай байсан.

-Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй байх. Засгийн газрын 2019.12.25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын цалин 8 хувь нэмэгдсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. 2019 оны сүүлч гэхээр цар тахлын үетэй хамаарахгүй л дээ.

-Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 75 дугаар тогтоолыг дурдсан байсан л даа.

-Тэр 75 дугаар тогтоол төрийн улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй.

-Дарга нар удаан жилийн, зэрэг дэвийн гээд овоо нэмэгдэл авдаг юм биш үү?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан гэж би сая хэлсэн. Эдгээр хүмүүст төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг ойлголт.   

-Цалингаа нэмээд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 сая орчим төгрөг авна гэж бичсэн байсан.

-Ийм хэмжээний цалинг хувийн компанийн захирлууд л авдаг байх. Төрийн өмчит зарим компанийн захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг байж магадгүй мэдээлэл саяхан гараад байсан. Төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтайд тооцогддог шүүгч нарын цалин ч наад яриад байгаа 8.0 саяын чинь талд нь ч хүрэхгүй.

Сэтгүүлч нөхөд маань буруу ойлголт, ташаа мэдээллээр олон нийтэд энэ мэт буруу мэдээлэл түгээхгүй баймаар байна. Ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед. Олсон мэдээллээ сайтар нягтлах, холбогдох эх сурвалжаас нарийвчлан тодруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны наад захын шаардлага шүү дээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ