БНАСАУ Өмнөдөөс коронавирусийн вакцины судалгааг хулгайлахаар оролджээ

"Умард Солонгос Өмнөд Солонгосоос коронавирусийн судалгааны ажлын дүнг хулгайлахаар оролдсон байна" хэмээн Өмнөд Солонгосын парламентын депутат Ха Дэ Гюн ингэж ярьсныг News One агентлаг иш татан дурджээ.

"Пхеньяны эрх баригчид хөрш орны эмийн компаниудын компьютерын сүлжээнд халдахаар оролдсон" гэж БНСУ-ын Үндэсний тагнуулын алба нотлож байна. Харин халдлагад ямар ямар компани, хэдэн удаа өртсөнийг мэдээлээгүй аж. 

"Өмнөдийн тал коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд Умардтай хамтран ажиллахад бэлэн байна" гэж хоёр Солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн яамны сайд Ли Ин Ён долоодугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм. Хоёр орны хилийн Кэсон хотод халдвар гарч болзошгүйд сэтгэл зовинож байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. 

Гэвч манайд гадны тусламж шаардлагагүй гэж Хойд Солонгос байнга мэдэгдэж байжээ. Цар тахал дэгдсэнээс хойшхи бүхий л хугацаанд тус оронд коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Харин халдвар байж болох ганцхан сэжигтэй тохиолдол л гарсан гэдэг юм.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ