Х.Баттулга: Шүүхийн тухай хууль бол шударга бус байдлыг гааруулсан төсөл байна
Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг төсөл санаачлагчид буцаасантай холбоотойгоор Ерөнхийлөгч эдгээр хуулийг татан авч байгаагаа илэрхийлээд үүнтэй холбоотой байр сууриа чуулганы танхимд илэрхийлж байна.
Тэрбээр эрх баригч намын гишүүд хуулийн үнэ цэнийг харалгүйгээр намын байр сууриар хуулийн төслүүдийг буцаасан гэж үзэж буйгаа илэрхийлээд "Нийгмийн даатгалын мөнгийг цувчуулсан МАН-ын гишүүн 13 сая төгрөгөөр торгуулж байхад, 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял авч буй тогтолцоог өөрчлөхийн тулд хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнгөрсөн хугацаанд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор ҮАБЗ нэг удаа зөвлөмж гарсан. Бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулсан зарим шүүгч нар зохих ялаа авсан. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй. Би өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуульдаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг халж, сольж болох талаар заалтыг оруулаагүй бөгөөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлэх бодлого зохицуулалтыг тусгасан. Харамсалтай нь МАН-ын улс төрийн шийдвэрээр миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байхаар шийджээ.
Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Нэг ёсондоо ухралт хийсэн, олон нийт, судлаач мэргэжилтнүүдээр хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга шүүхийг хүлээж байгаа иргэдийн итгэлийг хөсөр хаясан хуулийн төсөл гэж дүгнэж байна.
Хууль тогтоогч та бүхэн Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхдээ нийт ард түмний эрх ашгийн үүднээс харах шаардлагатай байна. МАН-ын бүлэг, УИХ-ын ажлын албанаас Шүүхийн тухай хуулийг илүү сайжирсан гэж хэлж байгаа боловч шударга бус байдлыг гааруулсан хуулийн төсөл байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ