Оксфордын вакцины туршилтын үр дүнд алдаа гарсан нь нотлогдов
Оксфордын их сургууль, AstraZeneca компанийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилтын үр дүнг даваа гарагт олон нийтэд танилцуулсан билээ.
Туршилтаар уг вакцин нь 70 хувийн үр дүнтэй дархлаа тогтоож байгааг зарласан юм. Оксфордын тайланд өгүүлснээр туршилтыг хоёр горимд явуулсан бөгөөд горим тус бүрийн үр дүн өөр өөр гарсан байна.
Эхний бүлэг сайн дурынханд сарын зайтай хоёр бүтэн тун хийхэд үр дүн нь 62 хувьтай гарсан гэнэ. Дараа нь цөөн тооны өөр бүлэг хүмүүст эхлээд хагас, дараа нь бүтэн тун хийхэд 90 хувийн үр дүнд хүрчээ.
Сонирхолтой нь хагас тунтай горим анхнаасаа төлөвлөгөөнд байгаагүй, хэмжилтийн алдаанаас санамсаргүй гарч ирсэн аж.Гэвч вакцин бүтээгчид үүнийгээ төлөвлөгөөний дагуу явагдсан туршилт гээд дундаж үр дүнг 70 хувь гэж нийтэд зарласан байна. Үүнээс гадна 90 хувийн үр дүнтэй болсон хоёр дахь бүлэг хүмүүсийн туршилтад зөвхөн 55 хүртэлх насныхан оролцсон нь ил болжээ.
Энэхүү мэдээлэл задарсны дараа Британийн AstraZeneca компанийн хувьцааны үнэ Лондонгийн хөрөнгийн бирж дээр 6 гаруй хувиар унасан байна.
Өмнө нь вакцины туршилтаа дуусгаад байгаа Pfizer/BioNTech, Moderna компаниудын үр дүн 90-ээс дээш хувьтай гарсан юм. Өчигдөр эдгээр копаниудын хувьцааны үнэ тус бүр 6, 14, 11 хувиар өссөн байна.
Зарим судлаачид Оксфордын вакцин ийм эргэлзээтэй үр дүнтэй байгаа тохиолдолд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авч чадахгүй гэж дүгнэжээ. Оксфордын их сургууль туршилтын үр дүнд алдаа гарсныг хүлээн зөвшөөрөөд эрх баригчдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл нэмж өгөхөөр ажиллаж байгаагаа мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ