Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тогтоолын төслийг дэмжив

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хорооны хуралдаанаар “COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.


Уг тогтоолийн төсөлд цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын хандивлагч байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтын явц, үр дүнг УИХ /Түр хороо/-д сар тутам тогтмол тайлагнах, гамшгаас хамгаалах тухай болон бусад хуулийг өөрчлөх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах саналаа УИХ-д танилцуулахыг Засгийн газар үүрэг болгохоор тусгасан байна. 


Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийг дэмжих зорилгоор олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөд тулгуурласан нэн  хөнгөлөлттэй, уян хатан зээл, тусламжийн шинэ эх үүсвэр бий болгохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжийн банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага дахь зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах болон хөнгөлөх УИХ-ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, түлш, шатахуун, мах гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, үнэ хөөрөгдөхгүй байх төлөвлөгөөг боловсруулах, нөөц бүрдүүлэх саналаа УИХ-д танилцуулахыг Засгийн гузарт үүрэг болгожээ.


Улмаар цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хөдөө орон нутгаас түр хугацаагаар ирсэн иргэд болон оюутнуудыг шинжилгээнд хамруулан гэрт нь буцаах, вакцин гарсан тохиолдолд эхний ээлжинд худалдан авах талаар олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарах, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх саналаа танилцуулахыг үүрэг болгожээ.


Уг тогтоолын төслийг Түр хорооны гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ